АНУ-ын тамирчдын мэдээллийг хакерджээ

Дэлхийн Допингийн эсрэг агентлаг “WADA” Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан “Рио”-гийн зуны олимпийн үеэр АНУ-ын баг тамирчдын эмчилгээний нууц материалуудыг Оросын хакерууд хакердсан хэмээн мэдэгдсэн талаар “CNN” агентлаг дамжууллаа.
Хакерууд тамирчдын эрүүл мэндтэй холбоотой олон мянган материалыг хакердаж, нийгмийн сүлжээнд байршуулж эхэлсэн гэнэ. Тамирчид тэмцээнд орохоосоо өмнө ямар сэтгэл зүйн зөвлөгөө авсан, ямар эм уусан гэх мэт нууцад хамааралтай материалыг хакерийн дайралтын үеэр алджээ.
Хувийн мэдээллээ хакердуулаад буй АНУ-ын тамирчдын дунд нэрт теннисчин Серена Уильямс, “Рио”-гийн олимпийн аварга Симона Байлс нарын мэдээлэл бий хэмээн “WADA”-аас мэдээллээ. “Сонирхолтой баавгайнууд” гэх хакерийн бүлэглэл уг хэргийг үйлдсэнээ мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ