Н.Алтанхуяг: Аливаад цаггүй нь үгүй, тусгаарлах цаг нь болсон
2016-09-14

 

“Үндэсний шуудан” сонин дугаарын “Онцлох зочин”-оороо Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийг урьж ярилцлаа.

Энэ удаагийн сонгуульд Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголынхоо төлөө зүтгэх аль ч нам ялаагүй

 

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. УИХ-ын сонгууль, шинэ Засгийн газар, АН-ын шинэчлэл, эдийн засгийн хямрал гээд тантай ярилцах сэдэв олон байна.

 

-Богино хариулахыг хичээе.

 

-Та сонгуулиас хойш ярилцлага өгөөгүй байгаа. Тэгэхээр ярилцлагаа үйл явдлын дарааллаар, сонгууль тойрсон дуулианаар эхэлье.

 

-Болно оо.

 

-Өнгөрсөн сонгуулийн үр дүн санаанд оромгүй байдлаар эргэсэн. Тэр дундаа Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн олон лидер сонгуульд ялагдал хүлээсэн. Та бол Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ардчилсан намын хамгийн нөлөө бүхий лидер. Гэтэл төрж өссөн Увс нутагтаа очиж сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодчихлоо. Улс төрийн хүрээнд танил биш бизнесмэн залуу улс төрийн том фигурыг ялсан гэсэн мэдээ миний хувьд цочир сонсогдсон. Бас бусдад ч тэгж сонсогдсон болов уу гэж бодож байна?

 

-Монгол ардын хэлц үг бий,“Сэвсэн дээрээ мөөрөлдөх хэрэггүй” гэж. Өөрчлөх гэж оролдоогүй байж, нэгэнт болоод өнгөр­сөн зүйлийн араас харамсаад яахав дээ гэсэн утга бүхий үг. Би Монголынхоо ард түмний сонголтыг хүндэтгэнэ.Гэхдээ өнгөрсөн сон­гуулийн өмнө нь ч тэр, сонгуулийн үеэр ч тэр олон луйврын, гэмт хэргийн шинжтэй, хууль бус үйлдлүүд болсон. Ийм үйлдлүүд хийгдэж, захиалгын УИХ бүрдэх нөхцөл бий болсон талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард миний бие мэдэгдэл хийж байсныг хү­мүүс санаж байгаа байх. Иймэрхүү үр дага­вар гарах вий гэж урьдаас харж байсан.Сонгууль болохоос өмнө зургаан сарын до­тор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг зөрчин байж хүчээр өөрчилсөн гээд олон асуудал бий.

 

Үнэндээ арай ч дээ гэмээр олон хууль бус үйлдлийг явцуу эрх ашигтаа нийцүүлэн хуйвалдан хийсээр хуйвалдааны төрийг бүрдүүлж чадлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тогтмол давтамжаар тархи угааж, хууль хүчний байгууллагуудыг ашиглан өрсөл­дөгч улстөрчдийнхөө нэр хүндэд удаа дараа халдсаар, зарим нэгийг нь барьцаалж бай­гаад тэд зорьсондоо хүрлээ.Үнэндээ бол өнгөрсөн сонгуу­лиар Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголынхоо төлөө зүтгэх аль ч нам ялаагүй. Харин ганцхан бүлэглэл л хуйвалдааны тө­рийг байгуулж чадсан нь гашуун үнэн.Харамсалтай нь энэ бүлэглэлд Монгол хүнийг Монголд нь сайхан амьдруулах ямарч хүсэл байхгүй нь ахиад л нотлогдож байна. Утсан хүүхэлдэй нараа ээлж дараалан Ерөнхий сайдаар томилоод хас­на, танана, хална гэдэг үгсээр айл­гаж юу ч бүтээлгэлгүй алт шиг цаг хугацааг урсгасаар байна.

 

-Тийм гэж үү. Тэгвэл тэр бүлэглэлийн зорилго нь юу юм бэ?

 

-Энэ бүлэглэл ард түмнийг айдсаар дарангуйлж, ходоодыг нь хагас хоосноор барьж, цаагуураа Монголын баялгийг гаднынхантай хувааж цөлмөөд өөрсдөө л хүчирхэгжин хөл­жих ганц л зорилго бий. Монгол хүн сайхан амьдарвал тэд зорил­годоо хүрч чадахгүй учраас ямарч аргаар хамаагүй хөгжлийг гацааж, улсынхаа нэр хүндийг олон улсад унагаж, иргэдийнхээ төрд итгэх итгэлийг үгүй хийх ажлуудыг зохион байгуулдаг.

 

-Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулснаар л АН-ын буруу эргэлт эхэлсэн гэж танай намын жирийн гишүүд ярьж байхыг сонссон.Гэтэл одоогийн эрх баригчид хариуцлагагүй засаглалаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас болж ард түмэн Ард­чилсан нам дүнгээ тавиуллаа гэж байгаа…

 

-Хүн бүр л өөр өөрийнхөөрөө дүгнэж байгаа байх. Тэгэх нь ч тэдний эрх.Өнгөрсөн хугацаанд бүх л үйл явдал олон түмний нүдэн дээр ил өрнөсөн.Юу болсныг та ч гадарлаж байгаа байх.Одоо үүнээс болж, түүнээс болж ялагд­чихлаа гэж яриад өнгөрсөн сонгуулийн дүн гэгчийг өөр­чилж чадахгүй.Харин манай намынхан өнгөрсөн сонгуульд заавал дүгнэлт хийх хэрэгтэй.Сонгуулийн үр дүн яагаад ийм гарав, ямар зохион байгуулалттай, ямар ямар үйл явдал болов гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй.Тэгэхгүй бол дараагийн сонгуулиуд улам л тоглоом, шоу болох аюултай.Ер нь бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ.Би олон удаа хэлсэн. Дахиад хэлье. Манай улсад нүүрлэсэн хямрал бол шударга ёсны хямрал.Шударга ёсны хямрал ямар үед нүүрлэдэг вэ гэвэл хууль сахиулагч институцийг шудар­га бус, хараат болгосноор нүүрэлдэг.Бид хуулийн засаглалыг бэхжүүлнэ, шударга байна, хуульт ёсыг сахиулна гэх сайхан үгс, шүүхийн шинэтгэл гэж ярьсаар даруй найман жил өнгөрлөө.Үр дүнг нь харцгаа л даа.Улам илүү хараат болсон шүүх, нэг хоёрхон хүний дохио зангаагаар ажилладаг болсон хуулийн байгууллагууд л байна.Эцэст нь тэд л хуйвалдааны төр байгуулах зорилгодоо хүрсэн болохоос Монголын ард түмэн юу ч хожоогүй.

 

-Мэргэжлийн гэж нэр­лэсэн Засгийн газрын анхны бодлого олон нийтийн бүү хэл, бүлгийнхээ ч дэмжлэгийг авч чадалгүй уналаа. Та сая утсан хүүхэлдэй Ерөнхий сайд гэж хэллээ.Магадгүй намын дарга Ерөнхий сайд болоогүй учраас утсан хүүхэлдэй гэж та нэрлэсэн байх.

 

-Эрх мэдэлгүй Ерөнхий сайд л харагдаад байна.

 

-Гэхдээ намын дарга нь Ерөнхий сайд болдог байсан тэр жишиг танай намын үед л алдагдсан шүү дээ?

 

-Ерөнхий сайдын сэнтийд суух ч яахав, Ерөнхий сайдын ажил үүргийг сайн хийнэ гэдэг амаргүй л дээ. Би ажил хийнэ, ард түмнийхээ төлөө зүтгэнэ, бүтээнэ гэсээр байгаад л Ерөнхий сайдын ажлыг авч байсан.Намайг ганц нэг хүн Ерөнхий сайд болгохгүй л гэж байсан.Монголд маань жишиг болоод тогтсон ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог зарчим өнөөдөр харамсалтай нь алга болж, бие дааж, зоригтойгоор олон түмний төлөө шийдвэр гаргах хүнгүйболлоо.Өндөр сандал ширээ мөрөөдсөн хүмүүс тав тух, тогтвор хайж УИХ-ын дарга болоод, үгээс нь гарахгүй гэдэг шалгуураар Монгол төрийн Ерөнхий сайдыг томилоод байвал хор уршиг нь цаашдаа улам л их болно.Өөрийн толгойгүй Ерөнхий сайдад эрх мэдэл дутахаас яах вэ.Би Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход өөрийн толгойтой байгаарай гэж захиж байсан.Харамсалтай нь тэр чадаагүй.Өнөөдрийн Ерөнхий сайд ч чадахгүй л бололтой.Хэцүү л дээ. Үнэхээр хэцүү. Гүйцэтгэх засаглалын тэргүүн шийдвэр гаргах, түүнийгээ хамгаалах эрх мэдэлгүй бол бид хөгжил гэдэг үгийг мартах хэрэгтэй.Эрх баригч нам язгуур эрх ашигтаа биш намаасаа “явах”, өрсөлдөгч намдаа “ирэх” мөрөөдөлтэй дарга нарын эрх ашигт үйлчилж байгаа нь эмгэнэлтэй байна.Ард түмэнд тусгаар улс шиг улс, хүчтэй төр шиг төр, хөгжил дэвшил, сайхан амьдрах нөхцөл хэрэгтэй гэдгийг мартах ёсгүй.Хувь хүнийх нь хувьд би өнөөдрийн Ерөнхий сайд болон танхимынх нь гишүүдийн зовлонг дээд зэргээр ойлгож байна.Хүсээгүй шийдвэр, хүсээгүй даалгавар, дээр нь зохион байгуулалттай, давтамжтайгаар ирэх элдэв гүтгэлэг дайралт бол их хэцүү байдаг.Ер нь Монголын ирээдүйг авч явах чадалтай олон залуу, нэг хоёр хүний шуналын золиос болж дуусдаг жишиг битгий тогтоосой.

 

 

Намаа сэхээнд ортол нурааж, тамласан хүн одоо эмчийн дүрээр аварна гэдэг юу л бол…

-Явах хүн нь ч бараг ойлгомжтой байх. Ирэх хүн гэж та хэнийг хэлж байна вэ?Танай намын шинэчлэлийн үйл хэрэгт Ерөнхийлөгч маш идэвхтэй оролцож байгаа нь ил харагдаж байгаа.Түүнийг ирэх жил ажлаа өгөөд намаа авах сонирхолтой байгаа гэж олон хүн үзэж байгаа.Та түүнийг хэлж байна уу?

 

-Таны асуултын “намаа авах” гэдэг үгийг би огт ойлгохгүй байна л даа. Цахиагийн Элбэгдорж бол яалт ч байхгүй ардчиллын анхдагчдын нэг мөн.Ардчилсан намаас хоёр удаа Ерөнхий сайд болж, хоёр дараалж Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн.Энэ утгаараа тэр бол яалт ч байхгүй Ардчилсан намын хүн гэж тодорхойлогддог.Харин өнгөрсөн дөрвөн жилд юу болсныг бид бүгдээрээ харсан.Анхны ардчилагчдын нэг, Ардчилсан намаас хоёр дахиа сонгогдсон Ерөнхийлөгч маань, уугуул намаа эрх барих үед нь хэрхэн дэмжиж, хэрхэн хамтарч ажиллав? Ардчиллын төлөө хамтдаа зүтгэж байсан нөхдөө үндэслэлгүйгээр шоронд явуулж, намын нөхдөө хооронд нь талцуулж, хагаралдуулан сөрөг хүчний удирдагч нартай үгсэн хуйвалдаж, ардчилагчдын шинэчлэх өөрчлөх, бүтээн байгуулах, улс шиг улс болгох чин эрмэлзлэлийг тасалдуулж, намаа сонгуульд ялагдуу­лах бүхий л нөхцөл бололцоог бий болгосныг Монголын ардчилагчид бүгд харсан.

 

-Гэхдээ хэн ч, юу ч хэлээгүй. Таныг өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэл хийх хүртэл шүү.Та л төрийн тэргүүнийг хуйвалдааны төрийн загалмайлсан эцэг гэсэн шүү дээ.

 

-Би мэдэгдэлдээ хуйвал­дааны төрийн удирдагчдын нэг гэж зарласан, үнэн. Энэ бүхэн хэн ч харсан ойлгомжтой байдлаар бүхний нүдэн дээр ил болоод өнгөрсөн болохоор нууц биш л дээ.Ардчилсан намын нэр хүндийг шалд нь унагаж, засаглаж чаддаггүй нам, хоорондоо хэл амаа ололцдоггүй нам гэдэг ойлголтыг нийгэмд хоногшуулан сонгуульд ялаг­дуулах олон эрээ цээргүй хуйвалдаан явсныг бүгд мэдэж байгаа.Та санаж байгаа байх. Гааль татвар, бүртгэл статистикийн байгууллагуудыг нэгтгэж, дэд сайд нарыг байхгүй болгосон, Дубайн гэрээ, Эрдэнэтийн асуудал, Тавантолгойн олборлолтын хэмжээг эрс бууруулсан зэрэг бол хуйвалдааны нэг хэсэг.Гэтэл өнөөдөр Ардын нам хэмнэлт, хямрал ярьж ард түмнээ айлгах мөртлөө бүгдийг нь ухрааж буцаагаад дэд сайд нараа бий болгоод нэгтгэсэн байгууллагуудаа эргээд салгаж байгаагаас тод харагдаж байна шүү дээ. Товчхондоо бол зорилгодоо хүрч намаа сэхээнд ортол нурааж тамласан хүн, эмчийн хувцас өмсөөд мэс засал хийж аварна гээд ороод ирнэ гэдэг юу л бол. Улс орны хөгжил дэвшил, Монголын ардчиллын ирээдүй, олон мянган гишүүний итгэл үнэмшил, хувь заяатай холбоотой асуудалд арай л явцуу эрх ашгийн, аминч, хувиа хичээсэн өнцгөөс хандсан даа…

 

-Тэгвэл хэн гэж. Ард­чилсан намын шинэчлэлд тэгвэл хэн туг нь болох ёстой юм бэ?

 

-Ер нь шинэчлэл гэдэг бол байнга л хийгдэж байх ёстой зүйл. Түүнээс биш ялалт, ялагдлын дараа цочсон юм шиг хашгирдаг лоозон биш.Манай намын шинэчлэл ч хүндрэл багатай явагдана аа.Учир нь бид хуйвалдааны зарчмаар шинэчлэл хийж жүжиглэдэггүй ил тод нээлттэй нам.Бид хаана, юун дээр ямар хүчин зүйлээс болж, яагаад ялагдав гэдгээ тодорхой, ил тод ярьж, зөв оношилж байж шинэчлэл бодит болно.Харин шинэчлэл нэрээр үйлдсэн гэмээ нууж, хаалгаар биш хаяа тооноор эрх мэдэл, явцуу жижиг эрх ашгийн төлөө шунаж орж ирэх гэж оролдож байгаа хүмүүсийг намын гишүүд сайтар танина.Манай нам олон асуудлыг ул сууриар нь харж, төлөвшилдөө анхаарах, дүрмээ чамбайруулах, гадаад харилцаагаа өргөжүүлэх, хариуц­­лагатай, зарчимтай байх цаг ирээд байгаа нь үнэн.Гэхдээ зөвхөн дотоод зохион байгуулалтаараа оролдох тө­дийх­нөөр шинэчлэл ярих хэрэггүй.Улс төрд шинэ үе орж ирж байна.Эх оронч үзэлтэй, өөрийн толгойтой, би энэ үгийг давтан хэлмээр байна, өөрийн толгойтой хүн чухал шүү.Зарчимч, боловсролтой, шударга өрсөлдөх чадвар бүхий залуусыг бид дэмжих хэрэгтэй.Хүний хүслээр, бусдын хатгаасаар, өөрийн хэм хэмжээг үл тооцон шинэчлэл гэж хоосон хашгирч эрх мэдэл албан тушаал мөрөөдөн нойр нь хүрэхгүй яваа хүмүүс цөөнгүй байгааг ч хэлэх хэрэгтэй.Ардчилсан намд гурван үеийн төлөөлөл анх удаа бий болж байна.Гурван үеийн хэлхээ буюу залуус нь зүтгэж, дунд үе нь ачаа үүрч, ахмад нь туршлага заан зөв чиглүүлж байж улс орноо хөгжил дэвшилд хүргэж чадна.Түүнээс биш нэгнээ үгүйсгээд хол явахгүй л дээ.

 

-Ардчилсан намын ялаг­далд хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ. Намын удирдлагууд, Ерөнхий сайд ямар хариуцлага хүлээх юм бэ.Тэдний бодлогын алдаа АН-ыг ялагдуулахад нөлөөлсөн үү?

 

-Нам бодлоготой байж, бодлогынхоо төлөө ажиллах ёстой. Харин намыг бодлого, чиглэлгүй болгосон хүмүүс огцорсон ч багадана.

 

-З.Энхболд дарга та хоёр бүлэгтээ зөвлөхөөр болсон гэсэн үү?

 

-Одоо өнгөрсөн хойно нь юугаа зөвлөх юм бэ. Бүлгийн гишүүний хувьд санал бодлоо зөндөө хэлсэн. Зөвлөх үед нь зөндөө зөвлөсөн. Үг авдаггүй шүү дээ. Уйгагүй хэлж байсан. Та бүхэн санаж байгаа. Эрх мэдлийн тэнцвэрийг хуучин гольдролд нь оруулъя гэж хууль санаачилсан. Энхболд шүүгээндээ цоожлоод таг. Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэж хэлсэн. Бас жижиг 76 тойрог болгож бүүр болохгүй гэж хоолойгоо сөөтөл хашгирсан. Сонгуулийн өмнө бүртгэлийн байгууллагаараа оролдож болохгүй, эмзэг шүү гэж хэлж зөвлөсөн маань цөөдөөгүй.

 

 

МАНАН гэдэг бүлэглэлээс салсны дараа л нам намаараа үлдэж, улс орноо урагшлуулж чадна

-Та тооноор биш хаалгаар орж ир гэж сануулж байх шиг байна. Гэхдээ Ардчилсан намын дарга болохоор амбиц­лаж байгаа хүмүүст олон нийт төдий л таатай биш байгаа нь үнэн. Г.Батхүү, Лу.Гантөмөр, Д.Эрдэнэбат гэх олон нэрс өнөөх л хэд үү гэдэг асуултыг дагуулж байгаа.

 

-Тийм гэж үү.

 

-Тийм шүү дээ. Та ч сонссон л байх. АН-ыг удир­даж, олон сонгуульд ялуулж байсан, намынхаа тэргүүн фронтын хүний хувьд намын шинэ даргад ямар шалгуур тавьж байгаа вэ?

 

-Өөрийн чинь нэр дурдсан хүмүүс үнэндээ өөрийн итгэл үнэмшлээрээ бие даасан шийдвэр гаргаж намын даргад өрсөлдөж байгаа юу, үгүй юү гэдгийг манай намын бүх гишүүн мэдэж байгаа. Иймэрхүү байдлаар намын лидер төрдөггүй юм.Өөрийн итгэл үнэмшил, өөрийн толгойтой, шийдвэр гаргах чадвартай байх нь лидер хүний хамгийн анхан шатны шалгуур.Энэ шалгуурыг давсан олон мянган хүн энэ намд бий.Их мөнгө амлаж, илүү бужигнуулснаар биш итгэл үнэмшил, зорилго зүтгэл, нэгдэл нягтрал, үзэл санаа намыг буцааж тэнхрүүлнэ.Хэдийгээр манай нам олон таагүй хуйвалдааны гайгаар эхлүүлснээ гүйцээж чадаагүй боловч сэтгэл байвал яаж богино хугацаанд улс орноо хөгжүүлж, бүтээж, шинэчлэж болдгийг бодитоор нь харуулж, шинэ жишиг тогтоож чадсан.Үүнийг олон ч хүн хэлэх байх.Энэ жишгийг хөшүүн хойрго, хөдлөх бүрээсээ ашиг хонжоо хайж явдаг бүтэц гүйцэхэд тун хэцүү.Ардчилсан нам бүх шатандаа бүтээлч, шинийг санаачлагч, хүнд суртлыг арилгагч байж чадсан ч харамсалтай нь энэ бүхнийг эрх баригчид эхнээс нь буцааж хүнд хөшүүн хойрго байдал руу ухрааж байгаа нь харамсалтай.Ер нь Ардчилсан нам маань МАНАН гэдэг бүлэглэлээс салж байж нам шинжээ хадгалж, улс орноо урагшлуулж чадна.Богд хаан манжаас тусгаарлах шийдвэр гаргахдаа “Аливаад цаггүй нь үгүй, тусгаарлах цаг нь иржээ” гэж хэлж байсан шиг хуйвалдааны зохион бай­гуу­лалттай, явцуу эрх ашгаар нэгдсэн нам дамжсан бүлэглэлийг задлаж, Ардчилсан нам МАНАН-гаас тусгаарлах цаг нь ирсэн.

 

-Та олон удаа МАНАН-гийн бүлэглэл гэж хэлж байна. Танай нам МАНАН-гийн тал нь юм биш үү?

 

-Тал гэдэг дэндүү том тоо л доо. МАНАН бол үнэндээ том биш шүү дээ, хэдхээн хүмүүсийн бүлэглэл.Барууны гэж нэрлэсэн хэт хөрөнгө мөнгө шүтсэн, эрх ашгаараа нэгдсэн, эх орон, өв соёл, бүр цаашилбал тусгаар тогтнолоо хүртэл хоёрдугаарт эрэмбэлдэг хүмүүс шүү дээ.Тэдний үнэт зүйлийн эрэмбэ дараа явцуу учраас өөрийн гэсэн зөвтгөлтэй байдаг.Энэ бүлэглэлийн үндсэн санал нэгддэг ойлголт нь цөөхөн хөрөнгөтнүүд үе дамжин олонхио удирдаж, засаглана гэсэн өрөөсгөл үзэл юм.Тэдэнд хүчтэй чинээлэг дундаж давхарга бий болгох сонирхол огт байдаггүй.Тэгэхдээ 2012-2016 оны манай намын зовлон одоогийн эрх барьж байгаа МАН-ын зовлон болж хувираад байна.Учир нь нам дамнасан цөөхөн бүлэглэл зорилгынхоо талд нь л хүрсэн.Үлдсэнийг нь эрх баригч МАН-ыг зөрчилдүүлж, хямралдуулах замаар олж авах нь тодорхой болж байх шиг байна.Эхнээсээ манай нам дээр хийж хорлосон танил аргууд нь одоо эрх баригч намын бодлого шийдвэрүүд дээр тодроод ирлээ.Цөөхөн гэр бүлийн явцуу шунал өнөөдөр Монголын ард түмний тусгаар тогтнол, ардчиллын баталгаа болсон нам гэдэг байгууллагын дээр гарснаар тэд утсан хүүхэлдэй нараараа бодлого бариулсан болж үндсэн зорилгодоо далдуур хүрч, эрх мэдлийг мөнхөд атгана гэж үзэж байна.

 

Сонсоход үнэмшилгүй мэт хол сонсогдох ч үнэндээ бол нүдээ нээгээд харвал энэ аюул бодитоороо бидний хажууд аль хэдий нь бий болчихоод байна. Яг үнэндээ аль ч нам биш өнөөх л бүлэглэл засаглаж байна гэсэн үг.

 

-Ойлгоход маш хүнд сэдэв байна.

 

-Уг нь ч тийм хүнд биш л дээ. Жаахан л анзаарахад ил харагдаж байгаа.

 

-Магадгүй МАНАН-гаас салах хугацаа нь хэзээ юм бол доо. Танай намынхан л үүнийг өөрчилж чадна гэж та итгэж байна. Гэтэл танай намын ҮЗХ танаас хойш хуралдаж чадахаа байлаа. Өнгөрсөн удаа хуралдаж чадаагүй танай намын ҮЗХ-ны хурал энэ долоо хоногт болж чадах уу. ҮЗХ хуралдаад намын даргаа солих байх гэсэн хүлээлт бол нийгэмд байна. Гэтэл танай намын ҮЗХ хуралдаж чадахгүй, ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь бодит үнэн шүү дээ?

 

-УИХ-ын ээлжит бус чуулган давхацсанаас үүдэж ҮЗХ-ны хурлыг хойшлуулсан байна лээ. Тэр нь ч зөв байсан. Улс орон, иргэдийн амьжиргаатай холбоотой чухал шийдвэрүүдийг эрх баригчид хэлэлцэх гэж байхад бид намын дотоод асуудал яриад хуралдаад байх нь зохимжгүй л дээ.

 

-АН-ын ҮЗХ хуралдаж чадах эсэхээс гадна энэ намрын улс төр нэлээд халуун өрнөх бололтой. Өчигдөр (уржигдар) Э.Бат-Үүл дарга цочир мэдэгдэл хийлээ. Өөрт нь үүсгэсэн хэргийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна. Олон нийт энэ мэдэгдлийг улстөржүүлж хараад, танай намын ҮЗХ-ны хуралд зориулсан юм бишүү гэж үзэх цөөнгүй хүн байна. Та харин юу гэж харж байна вэ?

 

-Энэ хэргийн учир начир олдож заавал илрэх ёстой. Хэрэг илрэх шатандаа явж байна гэсээр нилээдгүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь энэ хэргийн дуулианыг олон удаа улс төрийн зорилгоор ашиглаж байсан. ҮЗХ-ны хуралд зориулагдсан мэдэгдэл гэдэг нь юу л бол. Арай ч хэн нэгний заавраар, явцуу зорилгоор улс төрийн ашиг хонжоо хайж ийм үйлдэл хийхгүй байх гэж найдаж байна.

 

-Э.Бат-Үүл баатар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамгийн ойрхон хүмүүсийн нэг. Гэтэл ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох Ардчилсан намын их хурал хүртэл танай намын даргаар түр ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж намынхнаасаа дэмжлэг хүсч байгаа гэсэн яриа байгаа. Өчигдрийн мэдэгдэл, энэ яриа хоёроос үүдэж хүмүүс Э.Бат-Үүл баатрыг Ерөнхийлөгчийн сонгуулийн пиараа эхлүүллээ гэж үзэж байна. Тийм байж болох уу?

 

-Цаг хугацаа л харуулах байх. Арай ч ийм явцуу алхам хийхгүй гэж байлгүй. Хүнд чинь бас давж болохгүй, тоглож болохгүй үнэт зүйл гэж байдаг даа.

 

-Эрх баригчдын явуулж байгаа эдийн засгийн бодлогууд олон нийтийн эсэргүүцэлтэй их тулгарч байна. Гэтэл Ардын намынхан танай намыг засаг барьж байхдаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн гэдэг.Та бол яах аргагүй үүнд бодит хариулт өгөх хүний нэг?

 

-Өмнө нь буюу 2012 оноос өмнөх Засгийн газрын үед эрх мэдэлтэй, төрд ажилладаг, мэдээлэлд ойр хэсэг нь уул уурхайн төслүүдэд бараа шахаж амьдардаг байсан бол үлдсэн хэсэг нь халамж болгож авсан мөнгөө Эрээн рүү урсгаад дуусдаг байсан. Монголд үлдэх үр өгөөж тун хомс гэсэн үг.Харин бид бонд гаргаж хөрөнгө оруулалт татаад түүнийгээ иргэддээ, эх орондоо зориулсан.Товчхон хэлбэл иргэдээ орон сууцтай, ажлын байртай, компаниудаа үйлдвэртэй, улс орноо баталгаатай дэд бүтэцтэй болгож, нийт эдийн засагтаа урт хугацааны үр ашиг өгөх өмч хөрөнгө болгож үлдээсэн гэсэн үг.Урд нь орд газруудаа урьдчилж зараад, сонгуулийн амлалтаа биелүүлж, мөнгөө бэлнээр тараагаад гадагшаа урсгадаг байсан бол одоо урт хугацааны үр өгөөжтэй бодит хөрөнгө болж үлдсэнтэй хэн ч маргахгүй.

 

-Энэ өнцгөөс харвал үнэн л дээ. Гэхдээ хоосон сан хөмрөг, хадуурсан валютын ханш, үнийн өсөлт, өрхийн амьжиргааны чадвар муу байна.Иргэд үнэндээ айдастай байна.Өр, төр засгийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал гэдэг үг үнэхээр иргэдийн зүрхэнд хүрсэн байна.Танд Засгийн газар тэргүүлж байсан хүний хувьд шийдэл байна уу?

 

-Мэдээж шийдэл байсан, одоо ч байна. Эдийн засгийн өсөлт гэдгийг байгалийн баялгаа ухаад иргэддээ халамж болгоод тараадаг төдийхнөөр ойлгох зүйл биш л дээ.Тэр бол өнөө маргаашаа аргацаасан, урт хугацаандаа бэлэнчлэх сэтгэлгээг гааруулсан улс үндэстэнд тун хортой шийдэл.Зөв бодлого гэдэг бол бүтээгч, үйлдвэрлэгч, иргэд нь тогтвортой ажлын байр орлоготой болж байж хөгжил болно.Баялгийн үнэ өсөөсэй гээд залбираад суувал гандангийн тагтаанаас ялгаа юу байх вэ дээ.Хөгжлийн бодлогын суурь нь хүн байх ёстой.Хүний хөгжил, хүнд зориулагдсан эдийн засгийн хөгжлийн загвар хоёр хосолж байж улс орныг үсрэнгүй хөгжилд хөтлөнө.Суурь бодлого буюу хүний хөгжил, хүнд зориулагдсан бодлого хоёроо орхигдуулаад байгаа төсөвтөө багтааж хөгжил дэвшил эрэлхийлэх нь цаг үрсэн үйлдэл.Суурьгүй байшин барих гэж оролдохтой л адил.

 

-Эрх баригчдын сонгуулийн үндсэн амлалт эдийн засгийн хямралыг, эдийн засгийн үсрэнгүй өсөлт болгож өөрчлөнө гэсэн байсан. Гэтэл иргэдийн итгэл одоо бол эргэлзээ болж хувирч байна.Цаашдаа уур бухимдал болоход ч ойрхон байх шиг?

 

-Өнөөгийн эрх баригчдад ямар ч бодлого алга. Яг яах гээд ард түмнээ айлгаад байгаа юм.Мандуулна, хөгжүүлнэ гээд байснаа хийхгүй юм уу. Эсвэл бүх зүйлийг сөнөсөн дампуурсан гэж итгүүлээд улсаа хувьчилж авах гээд байгаа юм уу. Харин манай намын бүх бодлого тодорхой байсан.Хүний хөгжлийн найман жилийн “Монгол хүн-2020” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж ажилласан.Бид нийгмийн олонхийг дундаж давхрагад оруулах бодлого баримталсан.Гэтэл одоо эсрэгээрээ цөөнхөд нийтийн бүх баялгийг өгөх бодлого яваад байна.Аль нэг төрийн өмчийг үнэгүйдүүлж, завшиж авахын тулд тэр байгууллагаас том гэмт хэрэгтэн төрүүлж шоронд хийдэг.Тэгээд төр бол муу менежер гэж хашгирч байгаад хувьчилж авдаг.Энэ мэт МАН-ын Засгийн газрын дэвшүүлсэн олон асуудлууд бодлогогүй үйлдэл болж, нийгмийг бухимдууллаа.Албан тушаалын томилгоо хийж, татвар нэмж, иргэдийнхээ халаас руу гараа дүрэхээс өөр хийж байгаа ажил алга.Тэд ийм л байсан, тиймээрээ л байна.Улс орноо гэх сэтгэл гаргахын оронд буцаад албан тушаал наймаалцаж, хүнд суртал, хуучинсаг хахир арга барилаараа ажиллаж, сурсан зангаараа ухраах талаар л хэлэлцээд сууж байна.Харин Монгол хүнээ дэмжсэн, эдийн засгийг агшаасан биш тэлсэн бодлого хэрэгжүүлж байж энэ улс орныг өнөөгийн чөтгөрийн тойргоос гаргаж чадна.

 

-Танаас асуух маш олон асуулт байна. Гэхдээ та товчхон, богинохон гэдэг шаардлага тавиад байгаа учир ярилцлагаа энэ хүргээд дуусгая.

 

-Бидэнд ярилцах хугацаа дахиад олон тохиолдох биз дээ. Намайг дугаарын “Онцлох зочин”-оороо урьсан танай хамт олонд баярлалаа.Монголчууд маань хүндрэл сорилтыг туулсаар өөрсдийн түүхээ бичиж явна.Хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнц биднийг илүү хаттай, илүү хэрсүү, илүү бодлоготой, илүү алсын хараатай байхыг шаардаж байна.Хүн бүр дор бүрнээ жижиг сонирхлуудаа орхиод дотогшоогоо илүү эвтэй, илүү нэгдмэл, илүү нягт, гадагшаа бол илүү нээлттэй, илүү чөлөөтэй, илүү бүтээлч байж чадвал өнөөгийн тулга тойрсон хэрүүл ард үлдэж, хүчирхэг хөгжингүй улс орондоо хүн бүр хүссэнээрээ сайхан амьдрах боломж ойрхон байна .Монголын маань хувь их, заяа урт. Бидний Монгол үүрд мандан бадраг ээ.

 

С. ОНОНТУУЛ

Эх сурвалж: "Үндэсний шуудан сонин"

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өнөө авсан зээл мээлээ ярьдаггүй, идчихсэн учраас дурсахаас айжээ. Тэр мөнгөөрөө баахан үйлдвэр барьсан, одоо ажиллаад зээлээ төлнө гэсэн чинь хаачсан бэ. Чиний худалчийг Норовын хүүгийн луйварчинг монголчууд мэднэ.
2016-09-14
Ganhuyag:
Bi ali ch namiin gshvvn bish, gehdee AH-aas Altanhuyagiig demjij baidag, oyutan veiin surlaa saiai ergvvnii oyutan baisan, busad ulsuudiig ch medehgvi yumaa. MAXH-iin Enhbayar bol jinhene kider hvn baigaa yum daa daanch MAHAH bvleglel avchaad baina daa.
2016-09-14
Зочин:
.Цөөхөн гэр бүлийн явцуу шунал ...
2016-09-14
Зочин:
тэд утсан хүүхэлдэй нараараа бодлого бариулсан болж үндсэн зорилгодоо далдуур хүрч, эрх мэдлийг мөнхөд атгана гэж үзэж байна.
2016-09-14
Зочин:
2012-2016 оны манай намын зовлон одоогийн эрх барьж байгаа МАН-ын зовлон болж хувираад байна.Учир нь нам дамнасан цөөхөн бүлэглэл зорилгынхоо талд нь л хүрсэн.Үлдсэнийг нь эрх баригч МАН-ыг зөрчилдүүлж, хямралдуулах замаар олж авах нь тодорхой болж байх шиг байна.Эхнээсээ манай нам дээр хийж хорлосон танил аргууд нь одоо эрх баригч намын бодлого шийдвэрүүд дээр тодроод ирлээ.Цөөхөн гэр бүлийн явцуу шунал өнөөдөр Монголын ард түмний тусгаар тогтнол, ардчиллын баталгаа болсон нам гэдэг байгууллагын дээр гарснаар тэд утсан хүүхэлдэй нараараа бодлого бариулсан болж үндсэн зорилгодоо далдуур хүрч, эрх мэдлийг мөнхөд атгана гэж үзэж байна.
2016-09-14
Амжилт:
Та мундаг хүн шүү
2016-09-14
Зочин:
Монголын маань хувь их, заяа урт. Бидний Монгол үүрд мандан бадраг ээ.
2016-09-14
Зочин:
Монгол хүнээ дэмжсэн, эдийн засгийг агшаасан биш тэлсэн бодлого хэрэгжүүлж байж энэ улс орныг өнөөгийн чөтгөрийн тойргоос гаргаж чадна.
2016-09-14
Зочин:
Бид нийгмийн олонхийг дундаж давхрагад оруулах бодлого баримталсан.Гэтэл одоо эсрэгээрээ цөөнхөд нийтийн бүх баялгийг өгөх бодлого яваад байна.Аль нэг төрийн өмчийг үнэгүйдүүлж, завшиж авахын тулд тэр байгууллагаас том гэмт хэрэгтэн төрүүлж шоронд хийдэг.Тэгээд төр бол муу менежер гэж хашгирч байгаад хувьчилж авдаг.
2016-09-14
Зочин:
Хүний хүслээр, бусдын хатгаасаар, өөрийн хэм хэмжээг үл тооцон шинэчлэл гэж хоосон хашгирч эрх мэдэл албан тушаал мөрөөдөн нойр нь хүрэхгүй яваа хүмүүс цөөнгүй байгааг ч хэлэх хэрэгтэй
2016-09-14
Зочин:
Эх оронч үзэлтэй, өөрийн толгойтой, би энэ үгийг давтан хэлмээр байна, өөрийн толгойтой хүн чухал шүү.
2016-09-14
Зочин:
Би Монголынхоо ард түмний сонголтыг хүндэтгэнэ.Гэхдээ өнгөрсөн сон­гуулийн өмнө нь ч тэр, сонгуулийн үеэр ч тэр олон луйврын, гэмт хэргийн шинжтэй, хууль бус үйлдлүүд болсон.
2016-09-14
Зочин:
МАНАН бол үнэндээ том биш шүү дээ, хэдхээн хүмүүсийн бүлэглэл.Барууны гэж нэрлэсэн хэт хөрөнгө мөнгө шүтсэн, эрх ашгаараа нэгдсэн, эх орон, өв соёл, бүр цаашилбал тусгаар тогтнолоо хүртэл хоёрдугаарт эрэмбэлдэг хүмүүс шүү дээ.Тэдний үнэт зүйлийн эрэмбэ дараа явцуу учраас өөрийн гэсэн зөвтгөлтэй байдаг.Энэ бүлэглэлийн үндсэн санал нэгддэг ойлголт нь цөөхөн хөрөнгөтнүүд үе дамжин олонхио удирдаж, засаглана гэсэн өрөөсгөл үзэл юм.Тэдэнд хүчтэй чинээлэг дундаж давхарга бий болгох сонирхол огт байдаггүй
2016-09-14
Зочин:
Монголын хууль хяналтын байгууллагын ажилтанууд чинь аль 20-р зуундаа үлдэж хоцорсон, 20-р зуунаасаа гарах, хөгжих дэвжихийг, хүсдэггүй, тэр байдлаараа хууль хяналтын системийг хоцрогдсон чигээр нь авч үлдэх гэж тэмцэж, хоцорсон хэвээр нь авч үлдэж чадаж байгаа нь үнэхээр харамсалтай... Өнөөдөр монголын хууль хяналтын байгууллгын бохир ажилтанууд бохир улс төрчидтэй хавсаран ажиллаж, хамтран зүтгэж, Монголд коррупци, төрийн эргэлт, зарим улс төрчдийн эсрэг захиалгатай янз бүрийн гэмт хэргийн шинж чанартай янз бүрийн ажиллагаанд оролцож нийгмийг бузарлаж байна. Яана даа ....
2016-09-14