Тусламжийн цувааг бөмбөгджээ
2016-09-20

Сирийг зорьж байсан тусламжийн цувааг агаараас бөмбөгджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Сирийн Алеппо хотын иргэдэд хүмүүнлэгийн бараа хүргэхээр явж байсан тусламжийн цуваа агаарын дайралтад өртжээ. Уг үйл явдлын улмаас 12 хүн амиа алдсан болохыг албаныхан баталлаа. Амиа алдагсад бүгд НҮБ-ын тусгай элч байжээ. Тусламжийн бараа тээвэрлэсэн 31 ачааны машин Урм аль Кубра хотын ойролцоо явж байхдаа дайралтад өртсөн аж.

 

НҮБ дахь Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура “Энэ бол санаатай аллага. Энэ бол хүчирхийлэл” гэж мэдэгджээ. Тэрбээр харамсч буйгаа илэрхийлэн “НҮБ, Сирийн хямралыг зогсоохын тулд бүхий л бололцоогоо ашиглаж байна. Бид хэн нэгний оролцоогүйгээр энэ бүхнийг зогсоохыг зорьж байна. Харамсалтай нь Сирийн удирдлагууд болон олон улс бидний үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхгүй атлаа бидний хийсэн ажлыг баллаж байна. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо” гэж хэлсэн байна.

 

НҮБ-ын Аюулгүй зөвлөл тусламжийн цуваа үнэхээр агаарын дайралтад өртсөн эсэх нь тодорхойгүй байгаа гэжээ. Тус зөвлөлөөс “Тусламжийн цуваа террористуудын дайралтад өртсөн эсвэл Сирид цэргийн ажиллагаа явуулж буй орнуудын дайралтад өртсөн эсэх нь нууц хэвээр. Бид энэ хэргийг мөрдөн шалгах болно. Сирийн иргэдэд туслах ганцхан боломж, арга бол тусламжийн цувааг тус улсад аюулгүй нэвтрүүлэх. Сирийн мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаагаа НҮБ-ын тусламжийн цуваа дайралтад өртөж, их хэмжээний хохирол амслаа” гэж мэдэгджээ.

 

Урм аль Кубра хотноо дайралтад өртөөд буй тусламжийн цуваа болон элч нар ямархуу нөхцөл байдалтай байгаа нь тааварлашгүй байна. НҮБ, ОХУ-аас тусламж хүсчээ. Оросын цэргүүд тусламжийн цуваа дайралтад өртөөд буй бүс нутагт очиж, НҮБ-ын төлөөлөгчдийг аврах даалгавар авсан талаар албаныхан өгүүлж байна.

 

Тусламжийн цуваа дайралтад өртсөн мэдээллийг анхлан “Ройтерс” агентлаг мэдээлсэн юм. Тусламжийн цуваанд НҮБ-ын төлөөлөгчдөөс гадна олон улсын Улаанзагалмай нийгэмлэгийн төлөөлөгчид багтсан юм. Тус нийгэмлэгийн ажилтан “Ройтерс” агентлагтай утсаар холбогдож, бодит үнэний талаар ярьжээ. Тэрбээр “Нөхцөл байдал хүнд байна. Агаарын дайралтын үеэр 12 хүн амиа алдсан. Бид үнэхээр айж байна. Хаа нэг газраас дэлбэрэх чимээ сонсогдож байна. Тайван байхыг дарга уриалсан ч бид үнэхээр айж байна. Террористуудад барьцаалагдахаас эмээж байна” гэж хэллээ.  

 

Урм аль Кубра хотод 78 мянган хүн амьдарч буй бөгөөд өнгөрсөн оноос террористуудын дайралтад өртөж, нөхцөл байдал хүндэрчээ. Тус хотод өлсгөлөн газар авсан бөгөөд тусламжийн цувааны тал нь тус хотын иргэдэд хүрэх ёстой байсан талаар НҮБ-ын төлөөлөгч мэдэгджээ.

 

Улаанзагалмай нийгэмлэг тусламжийн цувааг бөмбөгдсөн этгээдийг хуулийн дагуу шийтгэхийг уриалж, олон улсын шүүхэд гомдол гаргахаа илэрхийлсэн байна. Сирийн Засгийн газар дайралтад өртөөд буй тусламжийн цувааны асуудлаар мэдэгдэл хийгээгүй аж. Олон улс уг хэргийн ард Засгийн газрын цэргүүд ч байж магадгүй гэлцгээжээ.  

 

АНУ, ОХУ-ын удирдагчид Сирид нэг долоо хоног хүчин төгөлдөр үйлчлэх гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан билээ. Гэрээний хугацаанд хоёр улс галт зэвсгээсээ татгалзаж, хамтран террористуудын эсрэг тулалдахаар тохиролцоод байжээ. Харамсалтай нь гал зогсоох гэрээ 24 цагийн дараа хүчингүй болсон юм.

 

Сирийн Дайр-эз-Заур болон Аль Маяден хот дайралтад өртөж, 50 гаруй хүн амиа алджээ. Дайр-эз-Заур хотыг агаараас бөмбөгдөж, 23 хүнийг хөнөөсөн бол Аль Маяден хотноо террористууд халдлага үйлджээ. Өнөөг хүртэл Дайр-эз-Заур хотыг хэн бөмбөгдсөн нь нууц хэвээр байгаа бөгөөд хоёр улс нэгнээ буруутгаж эхэлсэн юм.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Оросууд бидний итгэлийг алдлаа” гэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Бид бус та бүхэн эхэлж гэрээг зөрчсөн. АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр Сирийн армийн 62 цэрэг амиа алдсан. Энэ хэргийн дараахан гал зогсох гэрээ хүчингүй болсон” гэсэн байна.

 

Сирийн армийнхан энэ сарын 17-ны өдөр террористуудын эсрэг тулалдаж байхад АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийнхэн агаараас цохилт өгч, Сирийн цэргүүдийг хөнөөсөн билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Цэргүүдийг террористуудтай андууран гал нээсэн” хэмээн мэдэгдэж “Энэ бол алдаатай цэргийн ажиллагаа байсан. Бид гүнээ харамсч байна” гэжээ.

 

Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дэх чуулган эхэлсэн билээ. Хоёр улс өнөөдөр Сирийн асуудлаар хэлэлцэхээр болсон талаар НҮБ-ын хэвлэлийн албаны мэдээллээс иш татан “CNN” мэдээлжээ. “Энэхүү уулзалтаар хоёр тал дайсагнасан харилцаандаа цэг тавьж, дахин гал зогсоох гэрээ байгуулах хэрэгтэй” хэмээн Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкаас өөр ямар улс ийм жудаггүй үйл хийхэв дээ. Дайн дэгдээсэн улс тусламж гэхээр бүр боож үхэх гэж байгаа.
2016-09-20