Хугацаа нь дууссан бараа хилээр нэвтрүүлжээ
2016-09-20

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас экспот, импортын бүтээгдэхүүнд хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээллээ. Тус хэвлэлийн хуралд экспорт, импортын хяналтын хэлтсийн ахлах Г.Батсүрэн, улсын байцаагч Т.Лхагвабуян, улсын байцаагч О.Энхсайхан нар оролцов.

 

НМХГ-ын байцаагчид он гарсаар нийт 4370 аж ахуй нэгжид шалгалт явуулжээ. Шалгалтаар таван нэрийн бүтээгдэхүүн шаардлага хангахгүй гарсан байна. Үүнд:

 

  • АНУ-аас импортолсон 3.4 сая төгрөгийн үнэ бүхий 217 кг “buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан зөрчил илэрчээ. Улмаар импортолж оруулж ирсэн аж ахуй нэгжийг 8 сая 640 мянган төгрөгөөр торгосон байна.

 

  • БНСУ-аас импортолсон 250 мянган төгрөгийн үнэ бүхий 32.5 кг “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ. Иймд улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, бүтээгдэхүүнийг хураан авчээ.

 

 

  • ОХУ-аас импортолсон 2.1 сая төгрөгийн үнэтэй 25 кг хэмжээтэй “Фуросемид” нэрийн эм нь бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан ч хяналтын бүсээр нэвтэрсэн байна. Улмаар бүтээгдэхүүнийг хурааж, устгах акт үйлдэж, гаалийн горимоор устгажээ.

 

  • Грек улсаас импортолсон 2.0 сая төгрөгийн үнэтэй 77.8 кг хэмжээтэй “Septona” хуруу лентийг импортын лицензгүй хилээр нэвтрүүлсэн байжээ. Улмаар мөн хураан авч, устгасан байна.

 

  • БНХАУ-аас импортолсон 6 сая төгрөгийн үнэ бүхий 178 хайрцаг “Вэй Эр” нэрийн биологийн идэвхит бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-т шинжлүүлэхэд шаардлага хангаагүй аж. Иймд хураах устгах тухай акт үйлдэж эд зүйлийг хураах, улсын орлого болгох, үнэлэх орон тооноы бус зөвлөлд шилжүүлсэн байна.

 

Дээрхи зөрчлүүд нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай”, “Хүнсний тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” зэрэг хуулийн заалтыг зөрчсөн тул бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуй нэгжид хариуцлага тооцжээ. Нийтдээ 9 сая 408 мянган төгрөгийн торгууль ногдуулж, мөнгийг улсын орлого болгосон байна.

 

Цаашид импортын худалдаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгж нь Монгол улсад мөрдөж байгаа хууль, тогтоомж, стандартад нийцсэн бодис бараа бүтээгдэхүүнийг холбогдох баримт бичгийн бүрдэлтэй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн горимыг баримтлан импортлоход анхаарч ажиллах шаардлагатай байна гэдгийг МХЕГ-ын Экспорт, Импортын хэлстсээс анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МХЕГ 3-4 р хорооллын замаар ил задгай наймаа хийхийг болиулаачээ. Дэлгүүрийн удирдлагууд өмнөх талбайгаа түрээслэж байгаа шүү дээ. Захирлыг нь өндөр торгоод шийдчихэд болно биз дээ. Тэрнээс цагдаа явуулаад нэмэр болохгүй.
2016-09-20