Хотын даргаа бид хаана амьдрах вэ

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр иргэдийг орон сууцаар хангахаар гэрээ байгуулсан компаниуд барилгын ажлаа эхлээгүй 2-3 жил болж байгаа. Мөн түрээсийн мөнгөө сүүлийн хэдэн сард олголгүй иргэдийг хохироож байгаа асуудлаар СХД, БЗД-ийн иргэдийн төлөөлөл сэтгүүлчдэд хандлаа. Иргэд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод, хүлээн авч уулзаж, өвлөөс урьтаж амьдрах байртай болгож өгөх хүсэлтийг уламжилж байлаа.
“Назу” ХХК түрээсийн мөнгөө өгөхгүй байна
СХД-ийн 10-р хорооны иргэн Б.Сүхбаатар
-Манай хорооноос энэ төсөлд 268 өрх хамрагдсан. Үүнээс 40 өрх нь 2014 оны есдүгээр сард газраа чөлөөлж өгсөн. Төсөл хэрэгжүүлэгч “Назу” компаниас жилийн дараа гэхэд байранд оруулна гэдэг гэрээ байгуулсан. Гэтэл одоо болтол байхгүй. Сүүлийн үед түрээсийн мөнгөө ч өгөхөө байлаа. Мөнгөө өгөхгүй болохоор түрээсийн байранд амьдарч байсан хүмүүс шууд гудамжинд гарч байна. Улмаар залуу гэр бүлүүд салж, сургуулийн насны хүүхдүүд цэцэрлэг, сургуулиасаа засвардаж байна. Учир нь амьдарч байсан газраа чөлөөлөөд өөр дүүрэг, хороодод очсон. Нөгөө дүүргийн цэцэрлэг, сургууль нь харъяаны биш гээд хүүхдийг нь хамруулахгүй байна. Ийм л хүнд хэцүү нөхцөлд бид гурван жил амьдарч байна. Төр засагт хандсан ч авч хэлэлцэж байгаа гэдэг зүйлийг хэлээд, хүлээж бай л гэдэг. Гэтэл иргэн бид өнөөдөр хүлээх нөхцөлгүй болчихоод байна. Удахгүй өвөл болно. Бид гудамжинд гарах болоод байна. Тиймээс өвлөөс өмнө арга хэмжээ авахгүй бол бид дараагийн арга хэмжээг авна.
С.Батболд дарга биднийг хүлээн авч уулзахгүй байна
БЗД-ийн 14-р хорооны иргэн Т.Төмөртогоо
-Би БЗД-ийн 14-р хороонд оршин суудаг байсан. Улмаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан 2014 оны аравдугаар сард “Моннис” компанид газраа бүрэн чөлөөлж өгсөн юм. Төр засгийн үйл ажиллагааг дэмжиж хүлээн авсныхаа эцэст бид өнөөдөр орох оронгүй, гудамжинд гарч байна. “Моннис” компани гурван талт гэрээний дагуу 2015 оны долоодугаар сараас иргэдээ байранд нь оруулах байсан. Одоо жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэтэл тус компанийн үйл ажиллагаа дөнгөж, найм, есөн давхрын ажилдаа явж байна. Бид төрд олон удаа хандаж бичиг хүргүүлсэн. Гэвч биднийг авч хэлэлцэж шийдэж өгөхгүй байна. Э.Бат-Үүл хотын дарга байхад би дөрвөн удаа бичиг өгсөн. Үр дүн олоогүй. С.Батболд дарга ажлаа авснаас хойш долоодугаар сарын 27-нд мэдүүлэг өгсөн. Одоо болтол шинэ дарга биднийг хүлээн авч уулзахгүй байна. Нэн яаралтай биднийг авч уулзаж, энэ компаниудад арга хэмжээ авахыг хүсч байна. Үгүй бол бид хаана амьдрах вэ.
Орох оронгүй, өмч хөрөнгөгүй боллоо
М.Намжилжав БЗД-ийн 14-хорооны иргэн
-Би 2014 онд “Бүрд” ХХК-тай гэрээ байгуулж, газраа чөлөөлж өгсөн. Энэ компани гурван жил болоход барилгын сууриа тавиагүй, барилгаа эхлээгүй гурван жил боллоо. Иргэн би худалдаа эрхэлж өдөр тутмын орлогоо залгуулж, дэлгүүр ажиллуулдаг байсан. Дэлгүүрээ хааж, газраа чөлөөлсөн. Гэтэл одоо дэлгүүр ч үгүй, газар ч үгүй өдөр тутмын орлогогүй амьдрал зогсох гээд байна. “Бүрд” ХХК миний өдөр тутмын орлогыг өгнө гэж хэлсэн ч өгөхгүй хохироолоо. Би банкны зээлтэй. Зээлээ ч төлж чадахгүй, тэтгэврийнхээ зээлийг төлөөд гурван жил болж байна. Иргэн би амьдрах оронгүй, эд хөрөнгөгүй болоод байна. Мөн түрээсийн долоо, наймдугаар сарын мөнгөө өгөхгүй байна. Тийм учраас “Бүрд” ХХК-аас хохирлоо төлүүлмээр байна.
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд 34 аж ахуйн нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төсөлд нийт 78 292 хүн хамрагдсан бөгөөд гэр хорооллын 1506 га талбайд дахин төлөвлөлт хийх юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ