Америк, Оросын харилцаа дахин хурцдав

Сирийн иргэдэд туслахаар явж байсан НҮБ-ын тусламжийн цувааг Оросууд бөмбөгдсөн хэмээн АНУ мэдэгдлээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Олон улсын Энхтайвны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр дэлхий нийтээрээ хүчирхийллээ зогсоож, дайн болон тулааны үеэр амиа алдагсдад хүндэтгэл үзүүлдэг билээ.
АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дэх чуулган эхлэхээс өмнө тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Олон улс Энхтайвны өдөр Сирийн хямралын бүрэн зогсооход бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй. Сирид дахин цус урсах ёсгүй. Бид хамтарч чадвал энэ бүхнийг ганцхан өдрийн дотор зогсоож чадна” гэж мэдэгджээ. Харамсалтай нь энэ өдөр Сирид гал зогсох бус улам хүчирхийлэл газар нэмэгдсэн талаар эх сурвалжууд онцоллоо.
“АНУ, ОХУ-ын байгуулсан гал зогсоох гэрээ хүчингүй болсны дараа террористууд халдлага үйлдэх нь нэмэгджээ. Мөн Сирийн ардын армийнхан террористуудтай байлдах нэрээр энгийн иргэдийг хохироож байгаа нь энэ улсад хууль үйлчлэхээ больсны тод жишээ” хэмээн НҮБ дахь Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдлээ. Тэрбээр “Сирийн хямралыг хэн зогсоох нь тодорхойгүй байна. Ард түмэн удирдлагууддаа итгэл алдарсан. Тус улсыг террористуудаас чөлөөлөхөөр амласан гүрнүүд хяналтаас гарлаа. Тэд дур зоргоороо аашилж эхэллээ” гэсэн байна.
Ерөнхийлөгч Барак Обама “Бид хүчирхийллийг өдөөх бус таслан зогсоохоор тэмцэж байна. Бид шаардлагатай тусламжийг үргэлжүүлэн олгох болно” гэж мэдэгджээ.
НҮБ, “Сирийн хямралыг зогсоох, тус улсад тусламж үзүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Сирийн хамгийн их тусламж хэрэгтэй байгаа бүс нутаг руу хүмүүнлэгийн цувааг илгээсэн юм. Шаардлагатай хоол хүнс, эм тариаг 31 автомашинд хувааж Сирийн Алеппо хот руу илгээсэн ч тусламжийн цуваа зорьсон газраа хүрч чадалгүй их хэмжээний хохирол амссан. Тусламжийн цуваа Алеппо хотноо 50 км-ийн цаана явж байхдаа агаарын дайралтад өртөж, НҮБ-ын 12 элч төлөөлөгч харамсалтайгаар амиа алджээ. Цувааг бөмбөгдсөн энэ хэргийн ард хэн байгаа нь олны анхаарлыг татаж байна.
АНУ-ын Засгийн газар тусламжийн цувааг бөмбөгдсөн асуудалд анхаарлаа хандуулан, хэрэгтэнг хайх ажиллагааг эхлүүлсэн тухайгаа өчигдөр мэдэгдсэн билээ. Тэгвэл АНУ ганцхан өдрийн дотор хэрэгтэнг олж, олон улсад танилцууллаа. Хэдхэн хоногийн өмнө гал зогсоох гэрээг хамтран байгуулж, АНУ-тай хамтран ажиллахаа мэдэгдээд байсан ОХУ уг хэргийг ард байгааг Цагаан ордон мэдэгдлээ.
“Оросууд тусламжийн цувааг бөмбөгдсөн. Тэд тусламжийн цувааг санаатай хөнөөсөн” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Тусламжийн цуваа Алеппо хотноо очихоор Урм аль Кубра хотын ойролцоо явж байхдаа гэнэтийн дайралтад өртжээ.
Пентагоноос “Тусламжийн цуваа зорьсон газраа очихоор явж байхад холгүй ОХУ, Сирийн армийнханд дэмжлэг үзүүлж байсан. Хоёр улс алан хядах “Жабхат Фатах аль Шам” бүлэглэлд цохилт өгч байсан. Уг тулаанд ОХУ агаараас дэмжлэг үзүүлсэн” гэж мэдэгджээ. “Жабхат Фатах аль Шам” бүлэглэл тус бүсэд хяналтаа тогтоогоод байсан бөгөөд уг тулааны үеэр ухарсан болохыг Сирийн Засгийн газар баталжээ.
Сирийн Батлан хамгаалах яам тусламжийн цувааг Оросууд устгаагүй болохыг баталж “Оросын тусламжтай “Жабхат Фатах аль Шам” бүлэглэлийн 100 гаруй дайчин, 10 гаруй зэвсгийн агуулах, мэдээлэл дамжуулах болон бэлтгэл сургуулилтын төвийг устгасан болно. Цэргийн ажиллагаа явуулах үеэр НҮБ-ын тусламжийн цуваа бидний дэргэдээр өнгөрөөгүй. Учир нь цэргийн ажиллагаа явуулсан бүс нутагт террористууд хяналтаа тогтоогоод байсан учир тусламжийн цуваа нэвтрэх боломжгүй. Мөн Оросууд зэвгийн тусламж үзүүлсэн. Харин өчигдрийн тулааны үеэр оросууд агаараас дэмжлэг үзүүлээгүй” гэж мэдэгджээ.
Харин уг мэдэгдлийг АНУ эрс үгүйсгэж “Тусламжийн цуваа агаарын дайралтад өртсөн” гэсэн байна. Хэргийн эзэн гэгдээд буй Оросууд мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Ийнхүү Сирийн асуудлаас болж хоёр улс дахин зөрчилдөх боллоо. Өмнө нь АНУ мөн Дайр-эз-Заур хотыг оросууд бөмбөгдөж, 23 хүнийг хөнөөсөн хэмээн мэдэгдсэн. Дайр-эз-Заур хотыг бөмбөгдсөн асуудлаас болж хоёр улсын байгуулсан гэрээ хүчингүй болсон билээ. Харин Оросууд уг хэргийн ард АНУ байгаа хэмээн мэдэгдснээр гал дээр тос нэмсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ