Ж.Анхбаяр: Бид зориудаар бичлэг хийгээгүй
2016-09-22

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Face of beauty international” олон улсын тэмцээн ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар төслийн ерөнхий зохион байгуулагч "Mongolian Beauty Association"-ны тэргүүн, хөтлөгч Ж.Анхбаяраас тодрууллаа.

 

-“Face of beauty international” олон улсын миссийн  тэмцээн болоход цөөн хоног үлджээ. Тэмцээний бэлтгэл ажил ямархуу байна?

 

-Тэмцээний маань бэлтгэл ажил одоогийн байдлаар 80 хувьтай явж байна. Энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг аваад даруй нэг жил өнгөрчээ. Долоо  хоногийн дараа гоо бүсгүйчүүд маань Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх гэж байна.

 

-“Амьд барби”  гэх Валерия Лукьянова  тэмцээний хүндэт зочноор уригдсан гэв үү?

 

-Тэмцээндээ урих  онцгой  зочин нь хэн байх вэ гэдэг дээр бид  ярилцсны эцэст  цөөнгүй  хэдэн хүн үү урилга хүргүүлсэн л дээ. Үүн дундаас бидний урилгыг хамгийн нааштайгаар хүлээн авсан хүн бол Украйны амьд барби хэмээн дэлхий дахинаа алдаршсан Валерия Лукьянова. Түүний хувьд Украйны миссээр шалгарч байсан. Мөн мэргэжлийн дуурийн дуучин.

 

 -Төгсгөлийн үдэш Валерия Лукьянова дуулах уу?

 

-Үүнийг нууц үлдээе. Сонирхуулахад,  Валерия Лукьянова дэлхийн 80 гаруй улсад урилгаар очиж дуулж байсан юм билээ.

 

-Титмийн эзнийг хэрхэн шалгаруулах вэ?

 

-Төгсгөлийн ёслолын үйл ажиллагаа ирэх сарын 8-нд  Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Энэ үеэр шалгарсан топ таван миссээс мазаалайн тухай асуултуудыг асуугаад  хамгийн оновчтой зөв хариулсан нь тэргүүн титмийн эзэн болно.  Төгсгөлийн ёслолыг дэлхийн стандартыг хангасан, дуу, дүрсний өндөр түвшинд хийхээр бэлдэж байна.

 

-Сүүлд нь сонирхоход миссийн тэмцээний титмийг 200 сая төгрөгөөр худалдан авахыг завдсан бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр  цацагдсан. Үүнд тайлбар өгөх үү?

 

-Би энэ асуултад яг юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Яагаад гэвэл хүн болгон дээрх асуудалд өөр өөрийнхөө байр сууринаас хандсан байсан л даа.  Гэхдээ миний анзаарснаар дийлэнх нь тэмцээнийг  зохион байгуулж буй төслийн багийнхан зориудаар бичлэгийг хийж тараасан мэт сэтгэгдлийг  төрүүлсэн байсан. Огтоос ийм зүйл байхгүй. Төслийн ард 50-60 залуус өдөр шөнийг умартан ажиллаж байна. Бичлэг цацагдсаны дараа маш олон хүн үнэн юм уу гэж надаас асууж байсан. Тухайн үед тайлбар өгч асуудлыг дэвэргэхийг  үнэндээ хүсээгүй.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин