М.Зоригт кино урлагт хөл тавьжээ

“Шүүдэр дундуур” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Тус бүтээлийг Б.Отгонзориг найруулсан бөгөөд кино зохиолыг төрийн соёрхолт, Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” зургаас сэдэвлэсэн аж.
Тус зургаас сэдэвлэн кино зохиол бичих эрхийг Г.Одон зураачийн хүү О.Нямдаваагаас авчээ. Улмаар “UB film” студийн уран бүтээлчид тус уран сайхны киног бүтээсэн байна.
Эл бүтээлд Эцэг эхийн хайр, хүн хүнээ гэсэн сэтгэл, залуусын хүсэл мөрөөдөл, хайр дурлал болон, Монгол ахуй амьдрал, Буриад зон олны аж амьдралыг харуулжээ. Кино зохиолыг “Улаан дөрвөлжин”, “Хүдэн” зэрэг киноны зохиолыг бичсэн Л.Таванбаяр бичиж, зураглаачаар Э.Доржсүрэн ажиллажээ. Гол дүрүүдэд Ц.Төмөрхуяг, Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нар тоглосон байна.
Сонирхуулахад УИХ-ын гишүүн асан М.Зоригт кино уран бүтээлд хөл тавьж буй бөгөөд тус кино түүний продюсорлосон анхны уран бүтээл ажээ.
Тус киноны нээлт аравдугаар сарын 10-нд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ