Дээд шүүхийн шийдвэр Д.Энхжаргалын талд гарлаа
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 140 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13 сая 220 086 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд Д.Энхжаргалыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Засгийн газраас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 794 689 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 425 397 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ