УИХ-ын Тамгын газар шинэ бүтцээр ажиллаж эхэлжээ
2016-09-28

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр шинэчлэн баталсан байна.

 

Ингэхдээ Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь чиг үүргийнхээ дагуу Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэжээ.

 

Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан шинэ бүтцээр Тамгын газрын нийт орон тоог 10 хувиар бууруулжээ. Ингэснээр Улсын Их Хурлын Тамгын газар өмнө нь 8 хэлтэс, 1 төв, нийт 197 орон тоотой ажиллаж байсан бол шинэ бүтэц, зохион байгуулалтаар 7 хэлтэс, нийт 178 орон тоотой ажиллахаар болж байгаа аж. 

 

Улсын Их Хурлын Тамгын газар нь Улсын Их Хурал, түүний гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй. Хуулиар заасан энэхүү чиг үүргээ цомхон, чадварлаг бүтцээр шуурхай, чанартай гүйцэтгэх шаардлагыг үндэс болгон Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг ийнхүү шинэчилжээ.

 

Тамгын газрын үйл ажиллагааны чиглэл, шинэ бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр нийт ажилтнууддаа танилцуулж, өнөөдрөөс шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн байна.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
11 11 toviin shaardlaggui
2016-09-28