Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь Үндсэн хууль зөрчиж байна

Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгохоор шийдвэрлэсэн. Үлдсэн 40 хувь хамрагдах хүүхдүүдийн мөнгийг банкинд хүүгүй байршуулж байгаад эдийн засаг сэргэх үед олгохоо мэдэгдээд байгаа билээ.
Харин Засгийн газрын энэ шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн иргэн С.Одонтуяа, М.Анхбаяр Үндсэн хуулийн цэцэд хандах болсноо мэдээллээ.
Иргэн С.Одонтуяа УИХ-ын 2016 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаар тогтоолын холбогдох хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаад Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдэгдлээ. Уг тогтоолоор, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээг тогтоох” УИХ-ын 2015 оны 103 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийг өөрчилсөн байна. Ингэхдээ 2016 оны 7-12 дугаар сард амжиргааны түвшний 1-10 дугаар сарын орсон хүүхэд бүрт бэлэн мөнгөөр, үлдсэн хүүхдийн мөнгийг хойшлуулан 2019 оноос эхлэн нөхөж олгохоор болсон аж. Энэ нь хүүхдийг ахуй амьдралаар нь ялгаварлан гадуурхаж байгаа илрэл бөгөөд Үндсэн хуулийн дараах олон зүйл заалтыг зөрчсөн гэлээ.
Тухайлбал, Үндсэн хуулийн 1.10.2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг, 2.14.1, 2.14.2 дахь хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх байна” гэснийг, 2.16.5 дахь хэсэг, 19.1 дэх хэсэг “Хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаврлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэх мэт олон зүйл заалтыг зөрчсөн гэдгийг тэрээр онцолсон юм. Тэрчлэн хүүхдийн эрхийн конвенцийг ч ноцтой зөрчсөн гэдгийг хэллээ.
Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш. Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгөөр дамжуулан өрх гэрийг дэмжих, төрөлтийг нэмэгдүүлэх хүн ам зүйн бодлогыг дэмжсэн чухал бодлого гэв.
Тиймээс дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, дүгнэлт гаргуулахаар хандаж байгаа гэдгээ тэрээр онцоллоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ