Намрын чуулган нээлтээ хийлээ
2016-10-03

 

УИХ-ын намрын  ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүд 67 хувийн ирцтэй байна. УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж “УИХ-ын VII дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан энэ удаагийн УИХ анхдугаар чуулганаа хийж, ээлжит бус чуулганаар зарим асуудлаа хэлэлцэн шийдвэрлэсэн.

 

Ажлын байр хомсдож, ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш анх удаагаа хоёр оронтой тоонд хүрээд байна. Эдийн засаг огцом агшиж байна. Сангийн яам, Монгол банкны зүгээс мөнгөний болон төсвийн бодлогоор эдийн засгийг тогтворжуулах боломж хомс байна.  Иймд гацаанд ороод байгаа томоохон төслүүдийг эхлүүлэх нь өнөөдөр хөдөлгөх цаг болсон. Ард түмэн ажлаа эхлүүлэхийг шаардаж байна. Хурдтай ажиллах шаардлага УИХ, Засгийн газарт шаардаж байна.

 

Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж олдохгүй. УИХ-ын сонгуулиар парламентад нэг нам олонхи болсон хяналт тавих боломжгүй гэж шүүмжлэх хэсэг байна. УИХ аливаа алдаанаас сэргийлэх хэрэгтэй.

 

Монгол Улсаа хөгжүүлэхэд Ардын намын зам, Ардчилсан намын арга гэж байх ёсгүй.  Бид үндэсний эрх ашиг, сонирхлоо тэргүүн зэрэгт тавьж, Монголоо гэсэн сэтгэлээр ажиллаасай. Хөрөнгө оруулагчдын бидэн рүү итгэх итгэл сул байна.  Төрийн хүнд суртал, үр ашиггүй зорилтыг арилгах шаардлагатай болжээ. Иргэдийн оролцоо, мэдээллийн нээлттэй байдлыг хангах нь чухал.

 

Албан тушаалтны баталж буй тушаал шийдвэр, хөрөнгө орлогод олон нийтийн хяналтыг бий болгохыг эрчимжүүлэх хэрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох хэрэгтэй байна.

 

Сүүлийн үед батлагдсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн нь ҮХЦ-ийн дүгнэлтээр батлагдаж байгаа. Энэ чуулганаар шинэчлэлийг аль салбарт түлхүү авч үзэх шаардлагатайг тодорхойлно.

 

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа 2017 оны төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа улстөржилтөөс ангид байж шийдвэр гаргахыг анхааруулж байна. Дунд, урт хугацаанд өгөөжөө өгөх шийдвэрийг гаргахыг дор бүрнээ хичээн ажиллах ёстой.  Намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэлэлцэнэ. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.

 

Сум дүүргийн ИТХ-ын сонгууль удахгүй болно. Энэ сонгуульд улс төрийн нам эвслүүд нэр дэвшигчээ өрсөлдүүлнэ. Ажлын туршлагатай, олондоо танигдсан хүмүүс сонгогдоно гэдэгт итгэж байна.

 

Энэ Бичин жилд төр, орон нутгийн байгууллагууд өвлийн бэлтгэлдээ анхаарч, цаг тухайд нь асуудлыг зохицуулах нь нэн чухал гэдгийг сануулъя.

 

Эрхэм гишүүдээ намрын чуулган өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

УИХ-ын 2016 оны намрын ээлжит ажиллагаа нээснийг мэдэгдье хэмээлээ.

 

Н.Энх    

Shuud.mn
Сонин хачин