90 хувийн хөнгөлөлт
2016-10-05

Засгийн газар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогоо хэрэгжүүлэх зорилтынхоо хүрээнд эхний алхмаа хийж байна. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьснаар илэрхийлэгдэнэ. 

 

Манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай болсон. Тэр байтугай ажлын байр хомсдож, ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш анх удаа хоёр оронтой тоонд шилжээд байгаа нь гашуун үнэн. Цаашид ч эдийн засгийн хүндрэл энэ хэвээр үргэлжилвэл олон жижиг дунд бизнес эрхлэгч “хаалгаа барихад” хүрээд байгаа. Иймээс бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.

 

Манай улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувийг  жижиг, дунд бизнес эрхлэгчид эзэлдэг. Иймээс эхний ээлжинд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих нь зөв шийдэл. Ингэснээр тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгоно. Нөгөөтэйгүүр эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.

 

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний, хувцас, нэхмэлийн, барилгын материалын болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид Аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлтөд оруулснаар хөнгөлөлт эдлэхээр байгаа.

 

Дээрх чиглэлийн аж ахуйн нэгжүүд албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан. 

 

Нэг талаас жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгнөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалтыг хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдана.

 

Нөгөөтэйгүүр 2017 оны төсвийн төсөл 2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар боловсруулагдан орж ирсэн энэ үед юун татварын хөнгөлөлт вэ гэх шүүмжлэл дагалдана. Учир нь аж ахуйн нэгжүүдэд уг татварын хөнгөлөлтийг үзүүлснээр төсвийн орлогын эх үүсвэрт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Мөн борооны дараах мөөг шиг олон жижиг аж ахуйн нэгжүүд ар араасаа байгуулагдах эрсдэлтэй.

 

Иймээс Засгийн газар албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татварт ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмж татах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм билээ.  

 

Энэ хуулийн төслийг хэлэлцэх үед  бизнес эрхлэгчдийг ялгаварлаж байна гэж  зарим гишүүн үзэж байсан. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй үед  олон нийтийн эрх ашгийн үүднээс төр, засаг ялгавартай хууль эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж ажиглагчид хэлж байна лээ.

 

Тэгээд ч ирэх онд зөвхөн зээлд 6.6 их наядыг төлж, төсөв алдагдалтай батлагдаж байгаа хэдий ч Засгийн газар орлого бүрдүүлэх зорилгоор дотооддоо Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Төрийн банк зэрэг төрийн өмчит хэд хэдэн  газруудыг хувьчилж, олон улсын зах зээлд бонд босгож, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах зэргээр орлого төвлөрлүүлэх юм билээ.

 

Ер нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тогтвортой, иргэд ажилтай байхад төр засгийн нуруун дээрх ачаалал энэ хэрээр багасаж, татвар төлөлт ч тасалдахгүй явагдана. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 90 хувийн хөнгөлөлт үйл ажиллагаа нь тасалдаад байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бизнесийн замыг нь зассан бас нэг боломж юм.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болж байна шүү
2016-10-05
Нэр Байхгуй нь 10 % толно:
Танидаг даргагуй жижиг бизнесууд Хуулинд Нэр чинь АЛГА Гээд бусдын Ачааг уурч 10 ТОЛНО.. Танидаг Дарга Байхгуй яасан хатуу ХОРВОО ВЭБ
2016-10-05
Д.Ганхуяг 99116570:
Хамгийн түрүүнд оюны аж ахуйн нэгжийг дэмжих ёстой. Оюуны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг оруулчих л даа. Ингэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ шүү.
2016-10-05
Зочин:
undesnii uildver sergeh ehlel
2016-10-05