Онц байдлын хугацаагаа сунгажээ

img

Туркийн хэсэг цэрэг өнгөрсөн долоодугаар сард нийслэл Анкара болон Истанбул хотноо төрийн эргэлт хийхийг санаархсан билээ. Уг үйл явдлын улмаас тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган орон даяар 90 хоногийн хугацаатай онц байдал зарласан юм.

 

Энэ хугацаанд армийнхан зарим бүс нутагт хөл хорио тогтоож, төрийн эргэлт хийхийг санаархсан цэргүүдийг баривчлах ажиллагаа явуулсан билээ. Төрийн эргэлт хийхийг санаархсан 20 мянга орчим цэргийг баривчилж, тэдэнтэй холбоотой 10 мянган орчим хүнийг ажлаас нь чөлөөлжээ.

 

Орон даяар тогтоогоод буй онц байдлын хугацааг дахин сунгасан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Өмнө нь тогтоогоод байсан онц байдлын хугацаа энэ сарын 18-ны өдөр дуусах байсан юм. Засгийн газар онц байдлын хугауцааг дахин гурван сараар сунгахаар шийдвэрлэжээ.

 

Турк даяар эмх замбараагүй байдал үүсгэсэн уг үйл явдлын ард исламын шашны номлогч Фетулла Гуллен байгааг тогтоосон билээ. Ерөнхийлөгч өнөөг хүртэл номлогчийг Туркийн талд шилжүүлэн өгөхийг Америкаас шаардаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ