Онгоцонд гар утас дэлбэрчээ

Өмнөд Солонгосын “Samsung” группийн сүүлд гаргасан “Note 7” ухаалаг гар утас онгоцонд дэлбэрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. АНУ-ын Кентакки мужаас хөөрөхөөр төлөвлөж байсан агаарын тээврийн “Southwest Airlines”-ийн онгоцон дотор уг хэрэг гарчээ. Аюулгүй байдлын үүднээс онгоцонд зорчиж явсан 77 зорчигч болон багийн долоон гишүүнийг онгоцноос гаргажээ.
Нисэхийн удирдлагууд зорчигчдыг онгоцонд суусныхаа дараа утсаа цэнэглэхгүй байхыг анхааруулсан байна. Утсаа алдаад буй зорчигч “Би утсаа цэнэглээгүй байсан. Зүгээр бичлэг хийж байсан” гэж ярьжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Нью Йорк хотоос уг гар утсыг худалдан авчээ.
Хэд хэдэн удаа “Note 7” ухаалаг утас дэлбэрсэн билээ. Уг хэргээс болж “Samsung” энэ загварын утсаа эргүүлэн татаж эхэлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ