Татварын хөнгөлөлтийг хэлэлцэж байна
2016-10-07

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа цаг орчим хойшилж эхэллээ. Хуралдааны эхэнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Эдийн засгийн хүндрэлтэй э нэ үед татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгох,  эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой  гэж хууль боловсруулагчид үзжээ. Энэ хуульд  жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний, хувцас, нэхмэлийн, барилгын материалын болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид хамрагдах юм.

 

Дээрх чиглэлийн аж ахуйн нэгжүүд албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна.

 

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгнөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалтыг хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдана гэж үзжээ.   Засгийн газар албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татварт ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх аж.  Хууль батлагдсанаар  бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмж татах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзсэн байна.

 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулсны дараагаар гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авч байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин