Улаанбаатар
Женнифер Лоуренс: Атаархаж суухаас илүү хөдөлмөрлөх хэрэгтэй
2016-10-12

“Өлсгөлөн тоглоом” цувралын од, жүжигчин Женнифер Лоуренс өнгөрсөн амралтын өдөр “ELLE” сэтгүүлийн цахим сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Зорчигчид” кинонд тоглосон юм.

 

 

-Таныг энэ онд хамгийн тодоос тод гэрэлтсэн од гэж бодож байна. Олон кинонд тоглож, Лоуренс гэх нэрийг хэзээ ч мартагдахааргүй болтол өргөж чадлаа. Та өөрөөрөө бахархаж байна уу?

-Хэр их гэдгээ мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдрийн амжилт бусдын хувьд дутмаг байж магадгүй. Би алдаа гаргадаггүй хүүхэлдэй биш. Алдаа гаргаж, уйлдаг, инээдэг, уурладаг мах ясаар бүтээгдсэн хүн. Би өөрийнхөө амжилтад сэтгэл хангалуун байна. Учир нь энэ өндөрлөгт хүрэхийн тулд хангалттай хөдөлмөрлөсөн. Заримдаа шантрах үе байсан.

 

-Энэ онд олон уран бүтээлд тоглож, тун завгүй байлаа. Яг ямар шалгуурын өмнө сэтгэлээр унаж, шантардаг вэ?

-Хэзээ давааны өмнө өвдөг сөгдсөн гэдгээ санахгүй байна. Заримдаа бүх зүйл миний дургүйг хүргэж, ганцаардуулдаг. Намайг робот хэмээн андуурдаг хүмүүсийг харахаас дургүй минь хүрдэг. Нэгээс нөгөө зураг авалтын хооронд явж, ямар ч чөлөөт цаггүй байгаа өөрийгөө заримдаа буруутгадаг. Юуны төлөө, хэний төлөө гэх утгагүй бодол намайг эзэмддэг.

 

-Олон залуус завгүй амьдралыг мөрөөдөж, олны танил болохыг хүсдэг. Атаархал чамд мэдрэгддэг учир заримдаа залхдаг гэсэн үг үү?

-Атаархал. Би баян айлын охин, алдартай компанийн өв залгамжлагч биш. Би 100 хувь өөрийн хөдөлмөрөөр өнөөдрийн амжилтыг бүтээсэн. Би хэзээ ч сонгосон мэргэжлээ буруутгаж, залхаж байгаагүй. Надад атаархаж суухаас илүү яг одоо хөдөлмөрлөх хэрэгтэй. Миний зөвлөгөө.

 

-Өнгөрсөн хугацаанд “Селма”, “Америк маягийн дээрэм”, “Экс хүмүүс”, “Өлсгөлөн тоглоом” цувралын шинэ ангид тоглосон. Өөрийнхөө тоглосон киног үзээд ямархуу мэдрэмж төрдөг вэ?

-Сайн хариулж мэдэхгүй байна. Гэхдээ би өөрийнхөө тоглосон киног их  нухацтайгаар үздэг. Би хэзээ ч үзэж буй кинондоо өөрийгөө тоглосон гэж боддоггүй. Дэлгэцэн доторх би одоо байгаа би хоёр шал ондоо. Тиймээс өөрийнхөө өөрчлөлтийг харах их дуртай.

 

-Олон уран бүтээлд тоглож, олон мянган фэнтэй уран бүтээлчид өчүүхэн шалтгааны улмаас газар хүчтэй унадаг. Уналтаас сэргэсэн нь тун ховор. Ихэнх өсвөрийн од гаж мэт жүжиглэж байна. Уран бүтээл, карьертэй холбоотой айдсын тухай?

-Тиймээ. Миний өмнө нь хойно байгаа ихэнх уран бүтээлч асуудалд өртөж байгааг харсан. Гэхдээ хэн нэгэнд таалагдах гэхээсээ илүү өөрөөрөө байвал бүх асуудал шийдэгдэх байх. Айдас гэвэл би бас унахаас айдаг. Мартагдахаас айдаг. Ер нь карьерээ төгсгөхөөс айдаг.

 

 

-Тантай хоёр ч уран бүтээлд хамтран тоглосон жүжигчин Брэдли Купер таныг “хатуу самар” гэж дүгнэсэн. Санал нэгдэж байна уу?

-Аль утгаар нь. /инээв/ Яагаад ингэж хэлсэн юм бол. Би сайн мэдэхгүй байгаа учир энэ асуултад хариулахыг хүсэхгүй байна.

 

-Алдартай болоод олон жил боллоо. Яагаад өнөөдрийг хүртэл хэн нэгэн эртэй хайрын холбоо үүсгэж, болзоонд яваа зургууд чинь интернэтээр цацагдахгүй байгаа юм бэ?

-Би энэ асуудалд тийм ч туршлагатай нэгэн биш. Эрчүүд дурлахаараа ямар үйлдэл үзүүлдэг гэдгийг мэдэхгүй байна.

 

-Чин сэтгэлээсээ дурлаж үзсэн үү?

-Салалтын дараа зүрх минь хүчтэй өвдсөн.

 

-Олон ч сэтгүүл энэ оны хамгийн их ашиг олсон, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн гоё биетэй алдартныг шалгаруулсаар байна. Сэтгүүл болгоноос тодруулсан шалгаруултад шилдгийн, шилдэг гэх уран бүтээлч дунд таны нэр байдаг. Сүүлд “Vogue” сэтгүүл таныг хамгийн төгс биетэй алдартнаар тодруулсан. Хэвлэлийнхэн таныг онцлоход танд таалагддаг уу?

-Тиймээ. Намайг сайхан хэмээн үнэлж байгаад баяртай байдаг. Хэвлэлийн баатар болох сайхан байдаг.

 

-Гоо сайхны тухайд?

-Би сайхан харагдахын тулд хэдэн сая доллар үрдэггүй. Би зүгээр л стилист нартаа итгэдэг. Тэдэнд итгэдэг учир би олны өмнө гарахдаа хэзээ ч айдаггүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Д.Ганхуяг 99116570:
Яг манайханд таарсан үг байна. Бүгд цээжилж авцгаа.
2016-10-13
sadasd:
asdasdasdasd
2016-10-12