Төрөөс дэмжлэг авах шаардлагатай
2016-10-14

Монголын хуульчдын холбоо өнөөдөр ээлжит бус их хурлаа хийж байна. Их хурлаар  Төрийн орднд болж байгаа юм. Ээлжит бус их хурлаар Монголын хуульчдын холбооны зөвлөл, мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг шинээр сонгох аж. Хуралдааны үеэр  Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилт ямар байна вэ?

 

-Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчдын холбоо зөвхөн хуульчдын эрх ашгийг хамгаалаад зогсохгүй, нийгэмд үйлчлэх эрхтэйгээр тусгагдсан. Тухайлбал, төлбөрийн чадамжгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх  үүргийг холбоонд өгсөн. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд төр засгаас баталгаагаар хангана гэж хуульчилсан. Гэвч сүүлийн гурван жилд Засгийн газраас огт дэмжлэг үзүүлээгүй. Төсөв санхүүг нь өгөөч ээ гэж нэлээн хандсан ч үр дүн гараагүй. Ийм учраас энэ асуудлаар шинээр байгуулагдсан Засгийн газарт хандсан. Нааштайгаар шийдэж өгнө, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа төр мартах ёсгүй гэсэн байдлаар хандаж байгаа. Нийгэмд үйлчлэх гэж байгаа энэ байгууллага төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа олон нийтийн байгууллагынхаа хувьд ямар нэгэн байдлаар хуулийг хамгаалж ажиллах ёстой юм.  2017 оноос эхлээд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг аваад эхэлбэл хуулийн зохицуулалт амьдралд хэрэгжих боломжтой болно.

 

-Жилд хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа вэ?

 

-Нэг өмгөөллийн үйл ажиллагаан дээр ажиллахад Хөдөлмөрийн доод хэмжээгээр бодож өгөөч ээ гэсэн хүсэлтийг бид тавьсан. Нэг хэрэг өмгөөлөхөд гурван шатны шүүхээр явахад 1 жил болох тохиолдол бий. Тийм учраас хамгийн бага төсвийг хүсээд байгаа. Өнгөрсөн жил 350 хүн Хуульчдын холбоонд хандсан. Өмгөөлөгчид бор зүрхээрээ өөрсдөө бүх юмаа хариуцаад тэдэнд үйлчилгээ үзүүлсэн. Энэ оны арван сарын байдлаар 360 гаруй хүн Хуульчдын холбоонд хандсан. Иргэд Хуульчдын холбоо гэж байгууллага нь иргэний эрхийг хамгаалах чиглэлээр ийм, ийм үйл ажиллагаа явуулдаг юм байна гэдгийг төдий л мэдэхгүй байгаа. Мэдээд ирэхээр 300-гаар тогтохгүй, 1000, 2000 –д хүрч иргэд хандаад ирэхээр Хуульчдын холбоо төрөөс зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай болж байгаа.

 

-Холбооны өмнө тулгамдсан асуудал юу байна вэ?

 

-Хуульчдын мэргэжлийн хариуцлагын үйл ажиллагааг сайжруулахын тулд юун түрүүн ёс зүйтэй байх, мэдлэгийн ур чадвартай байх гэсэн шаардлага тавигдаж байна. Ёс зүйн асуудлыг мэргэжлийн үйл ажиллагаан дээр хэрхэн зохицуулах вэ гэдэг талаар сүүлийн 3 жил нэлээн туршлага хуримтлууллаа. Ямар асуудлыг хөдөлмөрийн харилцаанд оруулах, юуг нь мэргэжлийн алдаанд оруулах, ямрыг нь ёс зүйн харилцаанд оруулах вэ гэдгийг нарийвчилж зааснаар нэлээд зүйл цэгцэрлээ. Цаашдаа тухайн хуульчтай холбоотой гаргаж байгаа өргөдөл, гомдолд хариу өгөхөд илүү тодорхой оновчтой болж байна.

 

Манай холбоо байгуулагдаад 3 жил болж байгаа.  21 аймагт ажиллаж байгаа хуульчиддаа тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй бэрхшээл байсан. 15 аймагт салбар зөвлөлөө байгуулж, салбар зохицуулагч томилоод ажиллахаар Улаанбаатар хотоос харилцах харилцаа, сургалт ёс зүй, бусад мэргэжлийн тал дээр ахиц дэвшил гарна.

 

-Гишүүдийг ямар зарчмаар сонгон шалгаруулдаг вэ?

 

-Монголын хуульчдын холбоо 5405 гишүүнтэй. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөлөл гэсэн тухайн салбар эрх зүйн хороо болон чиг үүргийн үйл ажиллагаа явуулдаг хороод маань цахим хэлбэрээр сонгууль явуулдаг. Тэндээсээ сонгогдож гарсан хүмүүсийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн батламжилна.

 

-Иргэдээс ямар санал гомдол ирдэг бол?

 

-Мэргэжлийн хариуцлагын хороо үйл ажиллагаагаа эхэлснээс хойш иргэдээс маш их гомдол ирж байна. Шүүх дээр маргаан хянан шийдвэрлэж байгаа талуудын аль нэг нь эрхээ хангуулахад нөгөө нь гомдолтой үлддэг. Гомдож байгаа хүн “Шийдвэр нөгөө талд гарчихлаа, үүнд нөлөөлөл орчихлоо. Илүү яриа хөөрөө хийчихлээ” гэдэг юм уу энэ талын гомдол гарган Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх  Ёс зүйн хороонд ханддаг. Тэр бүрт нь судалгаа хийгээд үзэхэд нийт гомдол гаргасан хүмүүсийн 1-2 хувь нь үндэслэлтэй байх тохиолдол бий. Иймээс тухайн иргэний эрхийг нь зөрчсөн, мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан байвал сануулах, эсвэл хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгох арга хэмжээ авдаг. Хуульчийн эрх зүйн гэрчилгээг нь хүчингүй болгосноор тэр хүн өмгөөлөгч юм уу, прокурор юм уу, шүүгчээр ажиллах боломжгүй болдог.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
kub:
aj aljuich baidal muu bainadaa
2016-10-14
dulum:
Монголын Хуульчдын холбоо гишүүддээ тайлангаа тавих хэрэгтэй. Ажил хийдээггүй байж юун дэмжлэг вэ
2016-10-14
Зочин:
Төрөөс юу нь санхүүжилт хүсээд байгаа 1 хуульчаас танай холбоо сар бүр 20000 авдаг биздээ ? одоо 5405 гишүүнтэй гэж байгаа Төлбөрийн чадамжгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлж чадахгүй бол Монголын хуульчдын холбоо гэсэн нэр хэнд хэрэгтэй юм
2016-10-14