ХААН Банк нийтийн тээвэр болон төлбөрийн хосолсон карт гаргана
2016-10-18

 

ХААН Банк иргэд, харилцагчиддаа зориулан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой  карт гаргахаар Улаанбаатар смарт карт ХХК-тай  2016 оны 10-р сарын 17-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд ХААН Банкыг төлөөлж Гүйцэтгэх захирал Жон Белл, Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Цогтсанаа, Улаанбаатар смарт карт ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Юүн Жун И, Гүйцэтгэх захирал Я.Сод-Эрдэнэ нар болон бусад төлөөлөл оролцлоо.

 

Нийтийн тээврээр зорчигч иргэддээ зориулан гаргах гэж буй энэхүү картаар  автобусанд үйлчлүүлэхээс  гадна банкны төлбөрийн картын зориулалтаар ашиглаж, банкны үйлчилгээг давхар авах боломжтой. Тус картыг нэвтрүүлснээр нийтийн тээврийн салбарт төдийгүй   банкны салбарт томоохон шинэчлэл болох юм.   

 

Нийтийн тээврээр зорчигч иргэд ХААН Банкинд хандан өөрийн ашигладаг харилцах, хугацаагүй хадгаламж, цалингийн дансандаа автобусны картаа захиалах боломжтой болох юм. Энэхүү карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох учир та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүй хэрэгцээ шаардлага гарсан  үедээ ХААН Банкны  Интернэт банк, Ухаалаг банк, Мобайл банк, АТМ ашиглан дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.

Shuud.mn
Сонин хачин