Сонгуульдаа идэвхтэй оролцоорой
2016-10-19

Гэрэл зургийг MPA.mn

 

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байна. Сонгуулийн санал хураалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэлсэн.  Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Энэ  7282 мандатын төлөө  улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч  өрсөлдөж байна.

 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд МАН, АН, ИЗНН,  МНН, МАХН, АН-МАХН-ын  "ТӨВ НУТАГ" эвсэл,  Эх Орон Нам, МҮАН, ХҮН тус тус оролцож байгаа юм. Улс төрийн хүчнээс болон бие даан нэр дэвшигчид хуулинд заасны дагуу 18 хоногийн турш тус тусын тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа өрнүүллээ.Сонгогчдыг идэвхтэй оролцуулах зорилгоор  энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон бүх нийтийг хамарсан арга хэмжээг хориглодог билээ.

 

СЕХ-ноос сонгуулийн санал хураалтын  тооллогын дүнг УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн адил дэлгэцээр харуулж,  шууд явуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

 

Сонгогч та  Санал хураах хэсэг дээр очиход танд саналын хуудас өгнө. Саналын хуудаст сум, дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн нэр байх юм.  Хэрвээ  та нийслэлд амьдардаг бол дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн  нэр бичигдсэн саналын хуудаст тэмдэглэгээ хийх юм.

 

 Өчигдөр эрүүл мэндийн байдлаас шалтгаалан санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй, дайчилгааны тухай хуулийн дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэд болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон иргэд битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн билээ.  Түүнчлэн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамлууд  урьдчилан саналаа өгөөд байгаа.

 

Сум, дүүргийн хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ гэдэг. Танай  дүүргийн гудамж талбай ирэх жилүүдэд гэрэлтүүлэгтэй, тохижилттой байх уу,  автомашины болон явган хүний замыг засварлах шаардлагатай юу, суманд хичнээн худаг гаргах шаардлагатай, малын бэлчээрээ үржил шимтэй болгох,  тариалан тариалах, ЖДҮ эрхлэх гээд  иргэдийн  итгэлийг дааж, хариуцлага үүрч чадах төрийн анхан шатны нэгжийн төлөөлөл бол орон нутгийн Иргэдийн хурлын төлөөлөгч нар.  Эдгээр эрхмүүд иргэдтэй хамгийн ойр ажиллаж, төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэдэг.   Орон нутгийн төсвийг ч иргэдийн олонхийн с аналыг тусган хэрэгжүүлэх үүрэгтэй эрхмүүд. Тиймээс сонгогч танд ч өнөөдөр сонголтоо хийх хариуцлагатай үе ирж байна.

 

Сонгогч таны мэргэн сонголт  ирээдүйд сум дүүргийн хөгжил  цаашлаад улсын хөгжилд  томоохон хувь нэмрээ оруулна.  Сонгуулийн санал хураалт өнөөдөр   22:00 цагийн хүртэл явагдана. Сонгогч та иргэний үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой.  Сонгогч таны сонголт мэргэн байг.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
СУМ ДҮҮРЭГТ ЯМАР НАМ ЯЛАХ НЬ ЧУХАЛ БИШ. ДЭЭРЭЭ МАН БАЙЛАА ГЭЭД ДООРОО МАН БАЙЛААЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ СЭТГЭЛГҮЙ БОЛ СУМ ДҮҮРЭГ ХӨГЖИХГҮЙ. ОРОН НУТГИЙН САН СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН ГЭЭД БҮГДИЙГ СУМЫН УДИРДЛАГА ӨӨРӨӨ МЭДДЭГ УЧРААС ЯМАР НАМ БАЙХ НЬ ТИЙМ ЧУХАЛ БИШ. ДЭЭРЭЭ МАН БАЙЛААЧ ТӨРИЙН АЖИЛ ЯВДГААРАА ЯВНА. ДЭЭРЭЭС ИРСЭН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА ГЭСЭН ҮГ БИШ. СУМ ДҮҮРЭГТ ЯМАР НАМ УДИРДАЖ БАЙГААГААС ҮЛ ХАМААРЧ ТӨРИЙГ АЖИЛ ЯВДГААРАА ЯВАХ УЧРААС ИРГЭД ТУЙЛШИРАХГҮЙ СОНГОЛТОО ӨӨРСДИЙНХӨӨРӨӨ ХИЙГЭЭРЭЙ.
2016-10-19
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-19