Чанаргүй зээлийн хэмжээ 8 хувьд хүрчээ
2016-10-20

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулахын тулд төв банк экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллах юм байна.  Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд  гишүүд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл ирэх онд хэрхэн хэрэгжихийг асууж байлаа. Гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Өнгөрсөн  дөрвөн жилийн хугацаанд төв банкны зүгээс зах зээлд 7 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг хийжээ.  Үүний 3.5 их наяд нь ипотекийг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. Бусад нь  “Сайн хувьцаа”. “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр зэргийн хүрээнд зарцуулагджээ.

 

Ипотекийн зээлийг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд дагалдаж байсан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд шийдэж ирсэн байна. Харин одоо энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлье гэхэд дэд хөтөлбөрийн хугацаа дууссан, мөн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаа. УИХ-аас баталсан 40 дугаар тогтоолын хүрээнд ипотекийн зээлийг ирээдүйн тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх замаар шийдэх ёстой гэж заасан. Гэхдээ үүнтэй  холбоотойгоор олон зүйл тодорхойгүй бүрхэг байгаа. Иймээс энэ асуудлыг мөн тодорхой болгох зэрэг асуудал үүсээд байна.  Гэсэн ч энэ сардаа багтаан ипотекийн 8 хувийн зээлийн асуудлыг зохицуулахын төлөө ажиллаж байна хэмээлээ.  

 

Арилжааны банкуудад үүсээд байгаа чанаргүй зээл хамгийн их тулгамдсан асуудал болоод байгаа аж. Зарим салбар буюу уул уурхай, барилга, боловсролын салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ 8 хувьд хүрсэн байна. Өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр төлөх чадвар маш сайн болсон. Гэсэн ч чанаргүй зээлийн хэмжээ өссөн нь эргээд энэ бүх чадварыг нь сулруулж юм байна.  

 

Түүнчлэн “Гадаадын банкны салбарыг  Монголд оруулж ирж, зээлийн өндөр хүүг бууруулах тухайд төв банк дангаараа шийдэх асуудал биш. Хөрөнгө оруулалт татдаг гэдэг агуулгаараа энэ асуудлыг Засгийн газар хариуцаж, шийдвэрээ гаргах ёстой. Гэхдээ банкны асуудал нь эмзэг учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярилцах, мөн хууль эрх зүйн орчноо сайжруулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай”-г төв банкны Ерөнхийлөгч тайлбарлав.

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд мөнгөний бодлогыг ирэх оны төсөвтэй уялдуулах  чиглэлд Засгийн газартай хамтран ажиллах, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд бусад эх үүсвэрийг ашиглахыг зөвлөж байлаа. Жишээ нь “Оюутолгой” зэрэг компанийн гадна талд үлдээж байгаа орлогыг Монголдоо оруулж ирэх боломжийг эрэлхийлэх, экспортын орлого оруулж ирж байгаа газрын тос, зэсийн олборлолтыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага байна гэсэн саналыг хэлсэн юм.

 

Ийнхүү 2017 онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжив.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин