Төсөв, мөнгөний бодлогод ойлгомжгүй зүйл их байна
2016-10-21

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаан гишүүдийн 52.3 хувийн ирцтэй  эхэллээ.  Чуулганаар хуралдаанаар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  дагалдах хууль тогтоолуудын төслийг хэлэлцэх юм байна. УИХ-ын дарга М.Энхболд  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсаны дараа  гишүүд санал хэллээ.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

 

-Эрдэнэтийн шалгалтыг хэлэлцье. Эрдэнэтэд хууль бус гэмт хэргийн шинжтэй этгээд дөрвөн сар дураараа авирлаж байна. Засгийн газар шийдвэр гаргасан хэдий ч яаж чадахгүй байна. Өнөөдрийн хэвлэлээр захиалгат мэдэгдэл гаргасан байна. 2017-2021 он хүртэл Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийжээ. Гэрээнд  урьдчилгаа төлбөр 87 тэрбум төгрөгийг ажлын таван өдрийн дотор шилжүүлнэ гэж өнгөрсөн 8 сарын 25-нд хийжээ. Эрдэнэтээс 100 тэрбум төгрөгийн асуудал дутаад байгаа. Эрдэнэт дээр дандаа сэжгийн зүйл хийдэг этгээд суужээ.  Н.Даваацэрэн гэдэг этгээд төрийн 51 хувийг хамгаалаад сууж байх байтал худалдагчихсан худлаа яриад сууж байна. Хотын захиргааны санхүүгийн хэлтсийн нөхөр тэнд очоод санхүүг нь эрхлээд  сууж байна.  Тийм учраас би Эрдэнэтийн шалгалтыг яаралтай хэлэлцье гэж байна.

 

 УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Засгийн газар өчигдөр хийсэн ажлынхаа тайланг хуралдаанаараа хэлэлцсэн тухай материалыг миний нэр дээр ирүүлсэн байна лээ. Би Хуульзүйн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлц гээд хүргүүлсэн.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Өнөөдөр ирэх оны төсөв, мөнгөний асуудал хэлэлцэж байхад асуудал тодорхойгүй байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн асуудлыг хэлэлцэх ёстой учир оруулж ирж байна гэх юм. Өнөөдөр асуудлаа тодорхой болгох хэрэгтэй. Ойлгомжгүй зүйл их байна. Төсөв, мөнгөний бодлого энэ хэрээр хэлэлцвэл тодорхой шийдэлд хүрэхгүй. Гудамжинд байгаа АН-ын фракцтай тэмцэлдэж байхаар төсөв, мөнгөний бодлогоо ард түмэнд тодорхой болгох хэрэгтэй.

 

УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Женевт энэ сарын 20-ны өдөр Парламентуудын  Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурал болж байгаа юм. Хэрвээ урилга нь ирвэл УИХ-ын гишүүд оролцож болно хэмээлээ.

 

Ингээд чуулганы хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхлэв.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин