Макро эдийн засгаас хөндий мөнгөний бодлого

Ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэж эхэллээ. Батлагдах хуулийн хугацаатай уг үндсэн чиглэлийн төсөлд гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан ч юун түрүүн хэлэлцэхийг дэмжив. Хэлэлцүүлгийг явцад хатуу мөнгөний бодлогыг сулруулж, валютын ханшийг уян хатан байлгах асуудлын шийдлийг олох хэрэгтэй гэж тэд үзэж байлаа.
Төв банк мөнгөний бодлогын үндсэн зорилтыг дунд хугацаанд 2017-2019 онд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг жилийн 8 хувиас хэтрүүлэхгүй байхыг чухалчилжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төв банкны зүгээс зах зээлд 7 их наяд төгрөгийн нийлүүлэлт хийж, тэн хагасыг нь ипотекийн санхүүжүүлэхэд зарцуулжээ. Үлдсэнийг нь “Сайн хувьцаа”. “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр зэргийн хүрээнд санхүүжүүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад үүсээд байгаа чанаргүй зээл хамгийн их тулгамдсан асуудал болоод байгаа гэнэ. Уул уурхай, барилга, боловсролын салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ 8 хувьд хүрсэн байна. Өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр төлөх чадвартай байсан хэдий ч чанаргүй зээлийн хэмжээ өссөн нь эргээд сөргөөр нөлөөлөл үүсгэжээ.
Ирэх оны улсын төсөв 2.5 их наядын алдагдалтай, зээлийн өр төлбөрт 6.6 их наяд төгрөг зарцуулагдахаар байгаа. Засгийн газрын тэргүүн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд “Тавантолгой” зэрэг том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэлэлцэж байгаа. Түүнчлэн гадаадын эх үүсвэр талаасаа хөрөнгө оруулагчдын итгэлийг авч, валютын урсгалыг нэмэгдүүлэх, бонд босгох, зээл авах гээд Засгийн газар уг нь олон хувилбар дэвшүүлж байгаа юм билээ. Харин төв банкны зүгээс гадаадын банкны салбарыг Монголд оруулж ирж, зээлийн өндөр хүүг бууруулах тухайд хөрөнгө оруулалт татдаг гэдэг агуулгаараа энэ асуудлыг Засгийн газар хариуцаж, шийдвэрээ гаргах ёстой гэсэн байр суурьтай байна.
Олон улсын зах зээлээс арилжааны бонд авах асуудлыг үргэлжлүүлэх эсвэл ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн хүндрэлийг даван туулж, асуудлыг шийдвэрлэх хувилбарыг мөнгөний бодлогын төсөлд тусгасан байна лээ. Уг хувилбаруудаасаа олон улсын санхүүгийн байгууллагын дэмжлэгтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахыг Монголбанк илүүд үзсэн байна. Гэхдээ Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж ч магадгүй, үгүй ч байж магадгүй, гадаадын зах зээлээс бонд босгох эсэх нь ч тодорхойгүй байгаа. Тиймээс өнөөдөр энэ асуудалд Засгийн газар шийдэлд хүрээгүй, явц удаан байгааг шүүмжлэх хэсэг байна.
Мөнгөний бодлогодоо ажлын байрыг хадгалах өрхийн орлогыг бууруулахгүй байх, эдийн засгийг тогтворжуулж, урт дунд хугацаандаа хөтөлбөр хэрэгжүүлэх макро эдийн засаг дахь үндсэн том зорилгоо тавьж чадаагүй нь гишүүдийг бухимдуулж, олон зүйл тодорхойгүй байгааг ч төвбанкны Ерөнхийлөгч толгой дохин хүлээн зөвшөөрч байна лээ. Нөгөөтэйгүүр мөнгөний бодлогын асуудалд олон улсын туршлага гэхээсээ илүүтэй өөрийн онцлогт тохируулсан шийдмэг бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэйг зарим гишүүн анхааруулж байна лээ. Эрсдлээс тодорхой бүлэг хүмүүсийг хамгаалж, иргэдийн валютын зээлийг төгрөг болгох шаардлагатайг сануулж байсан.
Хэдийгээр өнгөрсөн гурван сарын хугацаанд Засгийн газар, Монголбанк хоёр нуруу нуруугаа харуулалгүй, хэлэлцээрийн ширээнд удаа дараа тохой нийлүүлэн суусан хэдий ч шийдэлд хүрээгүйд гишүүд тун бухимдаж байна лээ. Цаашдаа Засгийн газар, Монголбанк хоёр асуудлыг бие бие рүүгээ түлхэлгүй, эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдэлд хүрч, зорилтоо тодорхойлохгүй бол 2017 оны төсвийн төслийг ч, мөнгөний талаар баримтлах бодлогыг ч барьцгүй байгааг гишүүд төдийгүй эдийн засагчид шүүмжилж байна.
Ер нь “би, бид чадна” гэж албан тушаалд дэвшиж, тамга атгасан эрхмүүд ажлаа шуурхай хэрэгжүүлэхгүй бол ард иргэд хүлээлтээс залхана шүү.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ