“Чингис хаан” одонг Г.Ариунбаатарт хүртээхээр боллоо
2016-10-21

 

 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

 

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан энэхүү алдар хүндтэй эрхмийн нэрийг зарласан юм.

 

Энэ 2016 онд энэ эрхэм шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээхээр болжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнах эрхмийг зарлан хэлсэн үгэндээ:

 

 “Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байрын болон Гранпри шагналт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатарыг Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнахаар шийдвэрлэснийг Та бүхэнд баяртайгаар уламжилж байна.

 

Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төрсөн. Тэрээр Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд төгссөн.

 

Дуучин Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны I байр, Шилдэг баритон дуучны шагнал; Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны I байр; Олон улсын дуулаачдын Байгал II уралдааны тэргүүн байрын шагнал; П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналыг тус тус хүртсэн билээ.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, Санкт-Петербург хотын Мариинскийн  театр болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар бол хүн төрөлхтний оюуны соёлын шилдэг өв, сонгодог урлагт цахиур хагалж, бахархам олон амжилт гарган, Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж яваа өнөө цагийн шилдэг уран бүтээлч юм.

 

Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан, ухаант аав ээжийн авьяаслаг хүү, эрдэмт багш нарын хөдөлмөрч сайн шавь, дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, дуучин Ганбаатарын Ариунбаатар танд монголчуудын бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн, улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголынхоо нэрийг дуурсгаж яваа залуу. Тэр энэ хүндтэй шагналыг авах гавьяатай.
2016-10-22
Зочин:
Чингис - Ариунбаатар. Бурхан түүнийг ивээг.
2016-10-22
ганбат:
амжилт хүсье.ямар тэнэг нь атаархаад байнаа
2016-10-21
өөгий:
жулдрай бацаанд уу Тэрний оронд төр нийгэм олон жил зүтгэсэн ахмадуудаас сонгохгүй харласан юм хар хэл хүрэг
2016-10-21
irgen:
Нудээ олсон шагнал байна даа! Ариунбаатартаа их амжилт хүсьe!
2016-10-21
Монгол:
Болж дээ. Шагнал эзнээ олжээ.
2016-10-21
Зочин:
Одоо л энэ хууд шагналыг егехгуй бол хэзээ егех юм? Монгол орныг одоо ЗАЛУУЧУУД лавч явах естой! Тиймээс хийсэн бутээснийг нь зев унэлж дугнэн шагнаж урамшуулах нь зевее!!!
2016-10-21
өөгий:
жулдрай бацаанд уу Тэрний оронд төр нийгэм олон жил зүтгэсэн ахмадуудаас сонгохгүй харласан юм хар хэл хүрэг