Төсвийн төслүүдийг байнгын хороонд шилжүүллээ
2016-10-21

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.10.21/ үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийн талаар танилцуулав.

 

Төсвийн хүрээний мэдэгдлийг уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаад хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-д эзлэх эдийн засгийн бодит өсөлтийг өсөлтийг 2017 онд 3.0 хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зарчмыг баримталжээ.

 

 

Мөн дунд хугацаанд татварын орчныг тогтвортой байлгаж, шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, жижиг дунд үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих, ажил гүйлгээг бүртгэлжүүлэх, мэдээллийн технологийг татварын харилцаанд түлхүү ашиглах замаар татварын хураалт, хяналт, эрсдэлийн үнэлгээг бодитой, үр дүнтэй, шуурхай, татвар төлөгчид чирэгдэл багатай хийх нөхцөлийг бүрдүүлж, татварт хамрагдалт, татварын бааз суурийг тэлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, “Оюу толгой” төслийн далд уурхай, “Таван толгой”, “Таван толгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр мөн тусгасан байна. Засгийн газрын өмч хувьчлалын бодлого боловсруулж, төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийн менежментийг сайжруулах замаар ашигт ажиллагааг дээшлүүлэх, гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг дунд хугацаанд бууруулах зэрэг зарчмуудыг баримталсан байна.

 

Дээрх зарчмуудыг баримтлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг тооцон үзэхэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 22.8 хувь, 2018 онд 23.4 хувь, 2019 онд  22.7, нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 32.7 хувь, 2018 онд 30.9 хувь, 2019 онд 28.2 хувь байхаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувь байхаар тус тус төсөөллөө хэмээн Сангийн сайд танилцуулсан юм.

 

 

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан бөгөөд тус байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин, М.Билэгт, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Н.Оюундарь, Н.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Д.Гантулга, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Г.Занданшатар нар асуулт асууж, хариулт авсан.

 

 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төсвийн алдагдлыг ямар эх үүсвэрээр нөхөх, гадаад өрийн эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар болон концессын гэрээний үнийн дүнгийн талаар тодруулж байлаа. Сангийн сайдын хариулснаар, төсвийн алдагдал, өрийн эргэн төлөлтийг хийх бэлэн эх үүсвэр байхгүй учир бондоор санхүүжүүлэхээс өөр аргагүйд хүрээд байгаа аж. 2017 онд манай улсын нийт орлого 5.9 их наяд байх бол гадаад зээлийн үндсэн болоод хүүгийн төлбөрт 6.6 их наяд төлбөр төлөхөөр байгаа аж. 2018 онд мөн гадаад өрийн төлбөр төсвийн орлогоос давсан хэвээр байх бөгөөд 2019 онд төсвийн орлого 7.5 их наяд, гадаад өрийн төлбөр 6.5 их наяд байх дүр зураг харагдаж байгаа хэмээн Сангийн сайд хэлсэн.

Түүнчлэн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 2016 онд 18 хувь байгаа бөгөөд үүнийг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувь байхаар төсөөлж байгаа аж.

 

Мөн УИХ-ын гишүүд ард иргэдийн амьдрал өнөөдөр ямар түвшинд байгаа, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар Сангийн сайдаас тодруулж байлаа.

 

Сангийн сайдын тайлбарласнаар, дийлэнх иргэдийн амьдрал сайнгүй байгаа бөгөөд нийт иргэдийн 90 хувь нь хэрэглээний зээлтэй байгаа юм байна. Тиймээс Засгийн газраас эхний ээлжинд эдийн засгийн уналтыг зогсоон, тогтворжуулах зорилт тавиад байгаа гэлээ. Ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 61.5 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 20.8 тэрбум, ноос, улаан буудай, арьс, ширний урамшуулалд 54 тэрбум, хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн хүүхдүүдэд олгоход 161.5 тэрбум, ахмад настнуудын нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор олгох “Насны хишиг” арга хэмжээнд 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа талаар Сангийн яамны ажлын хэсгээс мөн нэмж мэдээлсэн юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлтийг дэмжих, төсвийн зарлагын шинэчлэлийг хийх, төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, банкны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хөндөж байсан юм.

 

Эцэст нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Чинзориг, Ө.Энхтүвшин, З.Нарантуяа, Ц.Нямдорж, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
2022-05-19
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-21