О.Мөнхсайхан алтан медалийн төлөө тулалдана
2016-10-21

Гэрэл зургийг MPA.mn

 

Боксын олон улсын "Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээн гурав дахь өдрөө Спортын төв ордонд үргэлжилж байна.

 

Тус тэмцээний 56 кг-ийн тулалдаан болж өндөрлөлөө. Энэ жинд “Хангарьд” спорт клубын тамирчин О.Мөнхсайхан ОХУ-ын боксчин Ч.Шарипов нар учраа таарсан. Тоглолтын эхний хоёр үед ОУХМ О.Мөнхсайхан оноогоор илүүрхэв. Тэрбээр сүүлийн шатанд ч илүүрхэж ОХУ-ын боксчинг ялж, алтан медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.

 

Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт тамирчин, ОУХМ О.Батхүү, ОХУ-ын боксчин нар учраа таарсан. Тэмцээний эхний үед манай тамирчин оноо дутуу байсан ч сүүлийн шатанд оновчтой цохилтоор оноогоо ахиулан өрсөлдөгчөө яллаа.

 

Тэмцээний 64 кг-ийн мөнгөн медалийн төлөөх тулаанд манай улсын боксчин Г.Баярхүү, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Узебкстаны тамирчин А.Элнур нар тулалдсан. Манай тамирчин Г.Баярхүү өрсөлдөгчөө ялж, мөнгөн медалийн болзол хангалаа.

 

Тэрбээр маргааш ОУХМ Б.Чинзоригтой аваргын төлөө тулалдана. Б.Чинзоригийн өрсөлдөгч Унгарын боксчин эмчийн магадлалаар тэмцээнээс хасагдсан учраас тэрбээр шигшээ тоглолтод шалгарч үлдээд байна.

 

Тэмцээний 69 кг-ийн жинд Улаанбаатар хотод болсон боксын аварга шалгаруулах тэмцээний мөнгө хүрэл медальт, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин О.Батзориг Узбекстаны боксчин Мелибоев Фазлиддинтай учраа таарсан. Тулаанд Узбекстан улсын тамирчин ялсан. Мөн энэ  жинд БНХАУ-ын ӨМӨЗО-ны тамирчин Д.Хурбилэг, “Алдар спорт хороо”-ны тамирчин Б.Мөнх-Ирээдүй нар тулалдав. Тус тэмцээнд ӨМӨЗО-ны тамирчин  ялалт байгуулав.

 

Үргэлжлүүлэн тэмцээний шийдвэрлэх тулаанууд болж, хожсон тамирчин аваргын төлөө тоглох эрхтэй болох юм.

 

Тэмцээний сүүлийн тоглолтууд маргааш 14.00 цагт Спортын төв ордонд явагдана.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин