Японд цуврал дэлбэрэлт болжээ
2016-10-24 09:16

Японы Точиги мужийн Юцүномия хотноо өчигдөр 11.30 цагт цуврал дэлбэрэлт болсон талаар “NHK” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтээр нэг хүн амиа алдаж, гурван хүн гэмтсэн гэнэ. Албаныхан “Дэлбэрэлт цэцэрлэгт хүрээлэнд болсон. Мөрдлөгөөр тус хүрээлэнгийн унадаг дугуйн зогсоолоос эрэгтэй хүний цогцос олсон. Хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлсэн” гэж мэдэгджээ. Цагдаагийнхан тэсрэх төхөөрөмжийн хэлтэрхийг хэргийн газраас олсон бөгөөд дээрх цэцэрлэгт хүрээлэнг хаагаад байна.

 

Уг дэлбэрэлтээс хэдхэн минутын дараа унадаг дугуйн зогсоолоос 200 метрийн цаана байрлах авто зогсоолд гурван автомашин шатсан аж. “Шатсан нэг машинаас гэрээслэл олдсон” хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

 

Дээрх хэргүүд террорист халдлага эсэхийг тогтоохоор ажиллаж байна.  Гэрээслэл олдсон машины эзэн цэргийн хүн байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин