Родриго Дутерте: Нийгмийг хордуулсаныхаа хариуг тэд амсах болно

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте энэ амралтын өдөр “CNN” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Филиппинийн ард түмэн шударга нэгнийг олон жил хүлээсэн тухайгаа илэрхийлж байсан. Ард түмний хүссэн хүн бол та. Энэ үнэнтэй маргах аргагүй. Та Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд маргааш өдөр нь сонгуулийн амлалтаа биелүүлэх болсон. Муу бүхэнтэй тэмцэхэд цаг хугацаа шаардлагатай байдаг. Харин та эсрэгээрээ ажиллаж байна. Энэ талаараа?
-Филиппинийн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн удирдагч байхыг хүссэн. Хойч үе минь намайг дурсан санаж, миний үйл хэргийг үргэлж санагалзаасай хэмээн хүсч байна. Би өнөөдрөөрөө амьдрах дуртай. Та намайг зэмлэж байх шиг байна. Ажилтайгаа хангалттай танилцаагүй атлаа маргаашнаас нь гэмт хэрэгтнүүдийг залхаан цээрлүүлж буйд гайхах шиг байна. Үнэнийг хэлэхэд, би цаг алдахыг хүсээгүй. Филиппин нэг өдрийн өмнө эрүүлжих хэрэгтэй.
-Филиппинийн толгойны өвчин.
-Хар тамхи, авлига болон хүнд суртал. Энэ бүхнийг үндсээр авч хаяхгүйгээр эрүүл улсыг байгуулна гэдэг худлаа.
-Таны эхлүүлсэн хар тамхины дайн Сирийн хямралаас дутахааргүй олон улсын анхаарлыг татаж байна?
-Хар тамхины дайн гэхээсээ нийгмийг бузарлаж, хойч үеийг минь мансууруулж, Филиппинийг гутаан доромжилж буй бүхэнтэй тэмцэх тэмцэл гэхэд болно. Энэ тэмцлийн хүрээнд буруутан шийтгүүлэх болно.
-Гэхдээ энэхүү тэмцлийн үеэр олон хүн амиа алдлаа.
-Хүч хэрэглэхгүйгээр нийгмийг цэвэрлэх ямар ч боломжгүй.
-Таныг хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна хэмээн буруутгаж байна. Хар тамхичдын эсрэг заавал хүч хэрэглэх шаардлага байгаа гэж үү?
-Нийгэмд цочроо өгөх нь хамгийн зөв арга. Энэ бол миний боловсруулсан төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг. Хар тамхичдыг барих ажиллагааны үеэр олон хүн амиа алдсанд харамсч байна. Гэхдээ тэд төрийн цагдаагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзснаар шийтгэлээ амссан хэрэг. Бүх зүйл ээлж дараатай байдаг. Тэд нийгмийг хордуулсаныхаа хариуг амссан хэрэг.
-Дээрх үйл явцаас болж цагдаагийнхан хүчирхийлэл үйлдэх нь улам ихэссэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж буй. Цагдаагийнхан энгийн иргэдийн эсрэг галт зэвсэг ашиглаж буй талаар?
-Санал нэгдэхгүй байна.
-Та эргэн тойрноо хараач. Хангалттай нотолгоо байна?
-Ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэхгүй. Энэ бол миний зарчим.
-Хар тамхичид ард түмэнд багтахгүй гэж үү?
-Тэд бол нийгмийн хордуулж буй хортой ургамлууд.
-Ихэнх гүрэн АНУ-тай найрсаг харилцаатай байхыг зорьж байна. Ихэнх удирдагч АНУ-тай дайсагнахаас сэргийлэн хэлж буй үгэндээ хүртэл цензур тогтоодог. Гэтэл та эсрэгээрээ. Яагаад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг өдөөн турхирсан мэдэгдэл хийж, хоёр улсын байгуулсан дипломат харилцаанд сэв суулгаж байгаа юм бэ?
-АНУ-тай нөхөрлөхийн тулд хуурамч баг зүүж буй тэр хүмүүсийг харахаас эгдүүцэж байна. Мэдээж хэрэг анхнаасаа энэ улстай дайсагнахыг хүсээгүй. Тэдний олон үг миний уурыг хүргэсэн. Тиймээс л зайгаа барихыг хүссэн.
-Та Ерөнхийлөгч Обамаг “Өлөгчингийн хүүхэд. Хар сармагчин” гэх мэтээр доромжилсон.
-Би хэлсэн үгнийхээ төлөө уучлалт гуйхгүй гэдгээ мэдэгдсэн. Тус улстай байгуулсан бүх гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаагаа зогсоох болно.
-Яагаад?
-Филиппин хэн нэгний хяналтад байх ёсгүй. Бид ардчилсан тусгаар улс. Бид дотоод хэргээ өөрсдөө шийдэх бүрэн эрхтэй. Обама намайг доромжилж болно. Харин эх орныг минь доромжилж болохгүй. Хэрвээ түүний амнаас ямар нэгэн байдлаар Филиппинийг доромжилсон үг гарвал би түүнийг өршөөлгүйгээр шийтгэх болно. Би Обамаг үргэлж ажиглах болно.
-Таны үйдлээс болж олон сая филиппинчүүд хохирол амсахаас эмээхгүй байна уу?
-Үгүй.
-Хэрвээ хоёр улс хамтын ажиллагаагаа зогсоовол Филиппин олон тэрбумын хохирол амсах болно. Өнгөрсөн онд хоёр улс 18 тэрбум долларын худалдаа хийсэн. Ганцхан таны үг энэ бүх долларыг царцаахад хүрнэ.
-Би мэдээж хэлсэн зүйлийнхээ төлөө бүх зүйлд хариуцлага хүлээх болно. БНХАУ, ОХУ-ын тусламжтай энэ бүхнийг шийдэх болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ