Б.Сарантуяа: Надад айх зүйл байхгүй

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүнтэй ярилцаж, цөөн асуултад хариулт авлаа.
-Талархлын тоглолтоо хийх гэж байна. 30 жил аль хэр хурдан өнгөрөв өө?
-Нэг мэдэхэд л өнгөрчихөж. Гэхдээ хурдан өнгөрөөгүй. Харин мэдэгдэхгүй өнгөрчээ. Арван жилийн ойгоо яагаад тэмдэглэснээ санадаггүй юм. Хорин жил болоход манай охин Хулан дөнгөж төрчихсөн би нялх биетэй байсан учраас ойн баяр тэмдэглэх бодол толгойд байсангүй. Сүүлийн арван жил надад маш хүнд байсан. Яагаад ч юм мэдэхгүй. Тайзан дээр байнга дуулж, хүлээн зөвшөөрдөнө гэдэг их хэцүү. Сайхан байна гэж дуулуулчихаад дараа нь тайзнаасаа буугаасай гэдэг хүмүүс байдаг учраас хүсэмжит дуучин байхыг хүссэн. Тиймээс ч 30 жилийн ойн баяраа тэмдэглэхээр зэхэж байна.
-Он жилийн түүчээнээс дурсамж задалбал “одоо л нэг” гэж сэнхийтэл санаа алдмаар болох юм уу?
-Эргээд харахад 21 цомог гаргасан, урын сандаа 600 орчим дуутай болжээ. Бахархалтай л байна. Дайчид медалиа шажигнуулдаг бол би цомгоо шажигнуулдаг юм бил үү /инээв.сур/. Өнгөрсөн хугацаанд олон сайхан уран бүтээлчтэй гар нийлэн ажилласан байна.
Өөрийнхөө тухай номоо уншаад уйлсан
-Дурсамж гэснээс таны намтар номыг яруу найрагч Р.Эмүжин бичсэн. Түүнийг яагаад сонгов?
-Өмнө нь нэг өөр сэтгүүлчээр бичүүлэхийг завдсан. Гэвч болоогүй. Олон сонголт байсан. Гэхдээ роман, зохиол бичдэг туршлагатай хүн, дээр нь намайг хөндлөнгөөс болон ойроос маш сайн мэддэг хүн бичих нь зүйтэй санагдсан. Тэгээд ч хугацаа дөхсөн учраас найзыгаа гуйсан. Би Эмүжинг тийм гайхалтай бичнэ гэж бодоогүй. Би эхний гурван бүлгийг нь уншсан. Уншаад уйлсан шүү. Өөрийнхөө тухай номоо уншаад уйлах сонин л юм билээ. Энэ номоос олсон ашгаар залуу авьяастнуудыг олон улсын уралдаанд оролцоход нь зардал, мөнгийг шийдэх зэргээр дэмжиж ажиллана.
-Номны нэр их сонирхолтой байх?
-“Зууны дуу хоолой” гэж нэрлэсэн байна билээ. 1970-аад онд төрөөд 29 жилийн дараа Зууны манлай, эстрадын дуучин төрнө гэдэг өдрийн од шиг завшаан. Үүнийг тодотгож ийн нэрлэсэн болов уу гэж бодсон.
-Хэзээ худалдаанд гарах вэ?
-Ном маань тоглолтын дараа худалдаанд гарна. Өмнө нь гаргах гэсэн боловч амжсангүй.
-“Тэр намайг дурсдаг болов уу” дуу яг л таны амьдралыг өгүүлээд байх шиг санагддаг?
-Энэ дуу бүтэх үед охиноо төрүүлчихсэн байлаа. Амьдралын өөр нэгэн мөчлөг орж ирээд ахиад рок, попын ертөнцөд байр сууриа олох талаар бодож суусан үе. Яг тэр үед Л.Балхжав маань “Сэтгэл буруу”, “Тэр намайг дурсдаг болов уу” дууг зохиож өгсөн.
-“Сэтгэлийн хөг” асар гунигтай дуу шиг санагддаг?
-1994 он. Аль нэг зүйлийг хиймээр санагдаад л гэртээ ганцаараа маш олон зүйлийг эргэцүүлж байсан үе. Тэгж байтал яруу найрагч Бат-Орших “Би чамд дуу зохиочихлоо” гэсээр орж ирсэн. Тэгээд л дуугаа бүтээж, энэ дуугаар тоглолтоо нэрлээд хийж байлаа.
-Таныг ӨМӨЗО-ны дуучинтай хамтран уран бүтээл хийх гэж байгаа талаар сонссон?
-БНХАУ-ын нэгдүгээр дэсийн дуучин ӨМӨЗО-ны дуучин Тэнгэртэй хамтарч “Зүүдний говь” гэдэг дуугаа дуулж магадгүй. Үүнийг “Херо” энтертайментийн Б.Баатараас асуусан нь зөв. Надад мэдээллийг түрүүлж цацах эрх байхгүй.
Рок, попынхон асрамжийн газрын хүүхдүүд шиг
-Та саяханаас төрийн алба хаших болсон?
-Соёлын төв өргөөний дэд даргаар ажиллаж эхлээд удаагүй байна. Сайхан хамт олонтой хамтран ажиллах болсондоо баяртай байгаа. Надад илүү ойрхон санагдаж байгаа.
-Рок, попынхонд төрийн дэмжлэг хэрэгтэй талаар та яриандаа дурсаж байсан?
-Рок, попынхон асрамжийн газрын хүүхдүүд шиг л явж байна. Асрамжийн газрын хүүхдүүд ч улсаас тэтгэлэг авч хоол унд, байр сууцтай байна. Гэтэл рок, попынхонд зориулсан, ордон оффис ч алга. Бид өөрсдөө оффис, түрээсэлж ажилладаг. Нэг ёсондоо 30 жилийн хугацаанд даргагүй хэр нь өглөө босоод ажилдаа яваад л өөрөө өөртөө цалингаа олгоод л явсаар ирлээ. Тэгэхээр бас сонин. Хөнгөн хөгжмийн урсгалаа улс жаахан хайхрамаар байна. Хөнгөн хөгжим гэхээр л хөнгөн хандаад байх шиг.
-Таныхаар улсаас ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж?
-Залуу боловсон хүчин бэлтгэж, тэтгэлэгээр сургамаар байна. Улсын тэтгэлэгээр олон доктор, магистар гадаадад бэлтгэдэг. Ирээд юу хийдэг билээ. Мэдэхгүй юм. Тэгэхээр рок, попынхныг ч үүний адил тэтгэлэгээр сургамаар байна. Би ч бас дуучнаар биш юм гэхэд найруулагчаар ч юм уу. явж сурмаар байна.
-Та 30 жил дуулсан хүн. Санхүүгийн тал дээр байр сууриа олсон болов уу?
-Ийм олон жил дуулсан хүн амьдралдаа хангалттай мөнгөтэй байх ёстой биз дээ. Гэтэл үгүй. Бага, дунд хэмжээний оюуны мөлжлөг явагдаж байгаа учраас үр шим нь уран бүтээлчдэд хүрэхгүй байна. Тухайлбал 10 саяар тайз бүтээгээд гурван цагийн тоглолтын дараа хураагаад л аваад явчихдаг. Энэ асуудал маш хурц тавигдаж байгаа. Надад айх юм алга. Энэ сөрөг пиар болохгүй байх гэж бодож байна. 30 жилийн турш би хөрөнгө оруулалтаа зөвхөн оюуны өмч, бүтээлд зориулсан. Үнэтэй машинаас татгалзаж явлаа. 35 мянган доллараар тэр машиныг авахын оронд тэр мөнгөөрөө “Аргагүй амраг” цомгоо бичүүлж явлаа. Одоо хүртэл ард түмэн тэр цомгийн дууг аялж байгаа учраас би зөв зүйлд хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог. Одоо ч хийсээр л байна. Сүүлийнхээ хуримталсан мөнгөө ч би цомогтоо л зарцуулдаг. Би үнэлэхгүй бол бидний оюуны өмчийг хэн ч үнэлэхгүй байна. Өнөөдөр 30 жил дуулсан, ажил хийсэн хүн санхүүгийн баталгаагүй байна. Тийм учраас уран бүтээлчдийн хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна.
-Төгсгөлд нь таны цаашдын уран бүтээлийн сонин сонсмоор байна?
-Арванхоёрдугаар сард “Мөнгөн шөнө” вип тоглолт хийнэ. Цагаан сарын өмнөхөн язгуур урлагийн хамтлагтай хамтарсан цомгоо гаргана. Бэлэн болгочихоод хав дараад л байна. Хоёрдугаар сард гаргах болов уу. Энэ жил төрсөн өдрийн тоглолтоо хийхгүй байх гэж бодож байна. Учир нь АНУ-аар аялан тоглоно. Ажлын төлөвлөгөө их байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ