“Маамуу нааш ир” дууг нэгэн зэрэг дууллаа
2016-10-25

 

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ойн  хүрээнд өнөөдөр “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дууллаа. Мөн дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болов. Хөшөөнд АЖ Б.Загнад, УГЗ Д.Ухнаа, найруулагч Л.Эрдэнэбулган, Хүүхдийн дууны нэрт дуучин МУГЖ В.Долгор болон Л.Лувсаншаравын үр ач, зээ нар нь цэцэг өргөлөө.

 

Энэ үеэр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын охин Л.Халиунсүрэнгийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрбээр “Энэ дууны хөгжмийг зохиохдоо аав маань ОХУ-ын хөгжмийн дээд сургуульд сурдаг байсан. Зуны амралтаараа ирээд байх хугацаандаа С.Лхамсүрэн гуайтай хамтдаа зохиож байлаа. Би тухайн үед 5-6 настай хашаандаа тоглоод гүйж байсан санагдана. Тэгсэн тэр хоёр намайг дуудаад анх дуулуулж байсан. Дуулсны дараа хүүхэд сурахад их амар, хүүхдэд ойр дуу байна гэж ярилцаж байсан. Аавын минь зохиосон дууны 60 жилийн ой тохиож байгаад үнэхээр их баяртай байна.

 

 

Дуу зохиогдсоны 55 жилийн ойгоор дууны хөшөөг  Монголын хүүхдийн ордоны өмнөх талбайд босгосон. Мөн ойгоор хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын зээ охин дууг клипжүүлж байсан билээ.

 

Хүүхдийн дууны нэрт дуучин, МУГЖ В.Долгор энэ дууг анх удаа дуулж олон нийтийн хүртээл болгосон бөгөөд хамгийн олон удаа дуулсан гэдэг. Тэрбээр энэ талаар “Манай улсад хүүхдийн дуу их ховор байсан. Харин 1950-ида оноос хүүхдийн дуу олон гарсан. Тухайлбал Д.Лувсаншарав багш маань 10 гаруй хүүхдийн дуу зохиосон. Анх “Маамуу нааш ир” дууг хөгжим дээрээ дарж үзүүлээд намайг даруйхан сураад радиод бичүүл гэсэн. Би хэдхэн хоногийн дотор сурсан. Тэр үеэс л би хүүхдийн дуучин гэдэг нэрийг ард түмнээсээ авсандаа их баярлаж явдаг даа” хэмээн дурсан ярив.

 

Ойн арга хэмжээ “Хүндэтгэлийн тоглолт”-оор үргэлжилнэ. Тоглолт 13.00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин