Монголын ХААН бахархал

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Эдүгээгээс 854 жилийн өмнө Монголчууд бидний их өвөг Тэмүжин-Чингис хаан мэндэлжээ.
Тэмүжин-Чингис Монголын олон аймаг, ханлигийг эрхэндээ оруулсаны дараа 1206 оны намар улаан барс жил Монголын язгууртнууд Онон голын хөвөөнд цугларч, есөн хөлт цагаан тугаа мандуулан Их хуралдай хуран Чингис хааныг цагаан эсгий дээр суулган Их Монгол Улсын Их хаанаар өргөмжилсөн. 1206 онд Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс бөгөөд алтан үедээ Зүүн Азиас буюу Номхон далайн эргээс Зүүн Европ буюу Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Хойд мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байсан нь түүхийн хуудаснаа тодоос тод тэмдэглэгдэн үлджээ.
Тиймээс дэлхийн мянганы суут хүн Их эзэн Чингис хааны мэндэлсэн эл өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаар “Бахархлын өдөр” болгон тав дахь жилдээ тэмдэглэж байна, бид. Чингис хаан Их Монгол улсыг байгуулсан төдийгүй Монгол үндэстэн бүрэлдэх нөхцөлийг хангаж өгсөн гавьяатай билээ. Бидний хаан бахархалд Монгол бүхэлдээ багтдаг. Бидэнд дэлхийн хаанаас ч хайгаад олохгүй эх оронч бахархал байдаг.
Монголчууд бид монгол хүн болж төрснөөрөө, Монголын сайхан эх орноороо бахархдаг. Монголчуудын олон зуунд бүтээсэн өв соёл, түүх, гайхамшигтай зан заншлаараа бахархдаг. Харь улс оронд явахдаа Чингисийн Монгол хэмээн омогшдог. Гадаадынханд Чингисийн Монголд очих чин хүсэлтэй байдаг билээ. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр “Тэмүүжин Чингис бол бидний хаан бахархал” юм.
Бидний энэ бахархал хоосон бардамнал, сагсуурал, ёс төдий зүйл биш. Харин ч их эзнийхээ бүтээсэн түүх, өв соёлоороо бахархаж, цаашид төрт ёс, уламжлалт соёлоо дээдлэн, баяжуулж, ирээдүй хойчдоо өвлүүлэх иргэний их үүрэг хүлээсэн билээ. Монголчууд бидний өв соёл дэлхийд сонгодог хэмжээнд хүрснийг олон улс хүлээн зөвшөөрдөг.
Тиймээс эл өдөр төв соёлоо сэргээн, таниулж, үзэж сонирхсон, өвөг дээдсийнхээ бүтээсэн түүхийн жимээр аялж, Монголоороо бахархацгаая.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ