Д.Өнөрзул Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2016-11-01

Өнгөрсөн сарын 19-30-ны өдрүүдэд Гүрж улсын Батуми хотноо зохион байгуулагдсан 2016 оны Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатарчид амжилттай оролцож, Даваахүүгийн ӨНӨРЗУЛ мөнгөн медаль хүртлээ.

 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 722 өсвөрийн шатарчид 8, 10, 12 хүртэлх насны охидын болон нээлттэй ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглон өрсөлджээ. Тэмцээнд Монгол Улсаас өсвөрийн 18 шатарчин оролцсоноос охидын 8 хүртэлх насны ангилалд Сурагчдын дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн аваргын мөнгөн медальт, Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер Даваахүүгийн Өнөрзул 9 хожил авч, мөнгөн медаль хүртсэн байна.

 

 

Дашрамд дурдахад 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотноо зохион байгуулагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 хүртэлх насны ангилалд түүний эгч Даваахүүгийн Мөнхзул дэлхийн аварга болж байжээ. Ийнхүү эгч, дүү хоёр дэлхий, тивийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин