Германд халдлага үйлдэхийг санаархжээ
2016-11-02

Германы нийслэл Берлин хотноо өчигдөр исламын шашинтай нэгэн эмэгтэй олон нийтийн газар халдлага үйлдэхийг санаархсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмэгтэй таван давхар орон сууцны гадна “Аллах Акбар” буюу “Бурхан агуу юм” хэмээн хашгирчээ. Тэрбээр ийн хэлээд нэг эмэгтэйг хутгалахыг санаархсан аж.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж эмэгтэйг баривчилсан байна. Мөрдлөгөөр эмэгтэй тус орон сууцны таван давхарт амьдардаг бөгөөд өнгөрсөн сараас хөршүүдтэйгээ байнга маргалдах болсон байна. Гэрч “Энэ эмэгтэй гэнэт өөрчлөгдсөн. Байнга ууртай явах болсон” гэж ярьжээ.

 

Берлин хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Марко Уебербач “Халдлага үйлдэхийг санаархсан эмэгтэй 53 настай. Тунис гаралтай. Тэрбээр Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон. Түүнийг ямар аргаар хэт даврагчтай холбоо тогтоосон болохыг шалгаж байна” гэж мэдэгдсэн байна.

 

Эмэгтэй 16 настай охинтой бөгөөд цагдаагийнхан охиныг эрэн сурвалжилж эхэлжээ. Охин өнгөрсөн амралтын өдөр фэйсбүүк хуудастаа “Бурхан намайг хамгаалах болно” хэмээн бичсэн аж. Түүнийг террористуудтай холбоотой хэмээн таамаглаж буйгаа хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин