Төрийн албан хаагч гадаадад данстай байхыг хориглоно
2016-11-02

 

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Тус байнгын хорооны өмнөх  хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх явцад  гишүүдээс гаргасан саналын дагуу ажлын хэсэг байгуулан ажиллуулж санал, дүгнэлтийг нь сонсох шаардлагатай гэж үзэн  түр хойшлуулаад байсан юм.

 

Ингээд өнөөдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Цогтбаатар нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллажээ.

 

Ажлын хэсэг өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцүүлгийн шатанд өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалын хүрээнд холбогдох өөрчлөлт хийх нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, төрийн албан хаагч гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмшиж байгаа эсэхийг хэрхэн яаж тодорхойлох, түүнд хяналт тавих асуудлыг ямар хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, холбогдох хуульд заасан болзол, шаардлагын дагуу сонгогдсон болон томилогдсон албан тушаалтан төсөлд заасан тодорхой хугацааны дараа ямар арга хэмжээ авах асуудлыг тодорхой хуульчилж өгөх, хуулийн төсөлтэй холбогдуулан тус байнгын хорооноос тогтоодог ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудын хүрээ хязгаарыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэнийг ажлын хэсгийн ахлагч санал, дүгнэлтдээ дурдлаа.

 

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компанийн хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа. Иймд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тэдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой зааж өгчээ. Харин нийтийн албан тушаалтны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан байна.

 

Байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Өмнө нь данстай байсан хүмүүс  болон гадаадын компанид хувьцаа эзэмшиж байгаа   хуулийн ямар зохицуулалттай байх вэ?

 

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

 

-Энэ хуульд зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39800 албан тушаалтан хамрагдана. Харин хууль батлагдахаас өмнө гадаад улсад данстай байсан албан тушаалтнууд 30 хоногийн дотор дансаа хаалгах, эсвэл бусдын нэр дээр шилжүүлэх боломж бүрдүүлэх юм. Харин гадаад улсад данстай компанийн хувьцаа эзэмшигч байх эрх нээлттэй. Энэ асуудалд АТГ урьдчилсан мэдүүлгээр нь жил бүр хяналт тавьж байх юм гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд саад тээг болох агуулгатай зүйл хуулийн төсөлд байхгүй. Манай улсад үйлчилж байгаа одоогийн хууль тогтоомжоор хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд Монгол Улсад ч, гадаад улсад ч данс эзэмшдэг бол түүнийгээ мэдүүлэх үүрэгтэй. Энэ хуулийн төсөлд заасан хязгаарлалт нь төрийн тухайн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд л үйлчлэх юм

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Гадаад улсад  данстай компанийн хувьцаа эзэмшигчийн дансыг хэрхэх тухай асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах  хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн агуулгаараа чухал.  Ярвигтай асуудал учраас зөв, оновчтой тусгах шаардлагатай.

 

 УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй байгаа ийм үед энэ асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй, гадаад улс гэж бүх улс орныг хамааруулахгүйгээр дэлхий дахинд оффшор бүс гэж хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой улс орнуудад л данстай байхыг хориглох, түүнийг Засгийн газар жил бүр шинэчилж баталдаг байхаар зохицуулах боломжийг анхаарах хэрэгтэй байна.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга  Ш.Раднаасэд:

 

-Хаана данстай байхдаа биш гол нь мөнгөний эх үүсвэр нь чухал.  Иймээс хэрэгжих боломжтой, бодитой үр дүнтэй, амьдралд нийцсэн байлгах үүднээс хуулийн төслийн цаашдын хэлэлцүүлэгт анхаарч нухацтай хандах шаардлагатай.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед гадны хөрөнгө оруулагчдад болгоомж төрүүлэх ийм хууль батлах шаардлагагүй тул Засгийн газар төслөө татаж авах хэрэгтэй. Түүний оронд мөнгө угаахын эсрэг олон улсын конвенцид нэгдэж орох асуудлыг ярих нь зүйтэй.

 

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн юм.

 

Дараагаар нь  тус байнгын хорооны хуралдаанаар  “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.  Харин тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна.

 

Байнгын хорооны ажлын хэсэг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн үндсэн агуулга, зарчмыг хөндөхгүйгээр найруулгын чанартай 70 гаруй өөрчлөлт хийх нь зүйтэй гэж саналын томьёолол бэлтгэжээ.  

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг төрийн албанд дахин томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх заалт оруулах санал гаргасан  юм. Гэвч уг санал гишүүдийн  дэмжлэг авсангүй.

 

Ийнхүү уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
chadxuu
2016-11-02