Донорын зар сурталчилгаа, зуучлалыг хориглоно
2016-11-02

 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын хоёрны өдөр болж дараахь асуудлыг хэлэлцлээ.

 

Донорын зар сурталчилгаа, зуучлалыг хориглоно

 

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Мөн уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. Монгол Улсын Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

 

Уг хуулийг шинэчлэн найруулж баталснаар эрхтэн шилжүүлэх мэс заслыг өөрийн оронд хийдэг болох, ингэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулах,  амьгүй донорыг дэмжих, амьд донорыг хамгаалах, донорын зар сурталчилгаа, зуучлалыг хуульчлан хориглож хүний наймаанаас сэргийлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна. 

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл хэвийн үргэлжилнэ

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон билээ. Уг хуулийн хүрээнд 2016 онд 243 иргэн аж ахуй нэгжээс 51.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн бөгөөд одоогоор 102 төсөлд 39.2 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

 

Экспортын болон импортыг орлох үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг урьдын адил  хэвийн олгож байх нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд эерэг бөгөөд нийгмийн ач холбогдолтой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Иймд хуулийн төслийг боловсруулж батлуулах хүртэлх хугацаанд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг зохицуулах түр журмыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

 

Хоёр тэрбум хүртэл төгрөгийн зээл олгодог  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2009-2015 оны хооронд 703 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд эргэн төлөлт 95.9 хувьтай байна. 

 

Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжив

 

Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Дэлхийн худалдааны байгууллагын 164 орны 89 нь энэ хэлэлцээрт нэгдэн ороод байна.

 

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд гаалийн үйлчилгээг сайжруулах, хилээр нэвтрүүлэх болон дамжин өнгөрөх барааг түргэн шуурхай нэвтрүүлэх, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, дамжин өнгөрөх бараатай холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж байгаа болон нэн буурай хөгжилтэй орнуудад технкийн туслалцаа үзүүлж, чадавхийг нь бэхжүүлэх юм.

 

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болгов

 

Чуулгын нэрийг өөрчилж Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, гадаадын улс орнуудынхаа ижил төрлийн байгууллагатай статус нэг болох шаардлагтай байгаа юм.

 

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга 1945 онд “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулагдсан. Анх 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, уран сайхны удирдагч, багш гээд нийт 62 уран бүтээлчтэй байсан бол одоо 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчин болон багш, удирдлага бүхий 190 гаруй хүнтэй байгууллага болжээ.

 

Товч мэдээ

 

-  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Ерөнхий сайдын албан ёсны айлчлал нь дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн тэлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой болсон гэж үзлээ.

 

-  Бүлэг жуулчид хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээр зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Уг хэлэлцээрийн төслийг боловсруулж БНХАУ-ын талтай хэлэлцээ хийхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин