Тэрбумын ашигтай, их наядын алдагдалтай “ ТӨХК”
2016-11-03

 

Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд ашгаас илүү алдагдал, өр авлагатай үйл ажиллагаагаа явуулдаг. Гэсэн хэдий ч төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн тоог  өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд  13 хувиар нэмэгдүүлсээр иржээ.  2012 онд 40364 орон тоотой байсан бол 2015 онд 45618 болжээ.  Дээрх аж ахуй нэгжүүд 2012 онд 3.5 их наяд төгрөгийн өртэй байсан бол 2015 онд 10.8 их наяд төгрөгт хүрч өрийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн байна.

 

Эдгээр аж ахуйн нэгжүүд 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар 38.6 тэрбумын төгрөгийн татварын өртэй гарсан байна. Түүнчлэн 2012 онд төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2015 онд 11.3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласныг Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн шалгалтын дүнд дурджээ.

 

Төрийн өмчилт болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд менежмент муутай, нөгөө талаас тухайн газрын удирдлагууд  төрийн өмчид хүний сэтгэлгээгээр хайнга хандаж байгаа нь олон нийтийн дунд ажиглагддаг. Учир нь төрийн мөнгө ард түмний татварын мөнгөөс бүрддэг. Хэрвээ хувийн компани тэрбум төгрөгийн ашигтай, их наядын алдагдалтай бол аль хэдийнэ хаалга барьж, дамуурсан. Тэгээд ч их наяд төгрөгөөр алдагдал хүлээж ажиллаад байхгүй,  менежментийн арга хэмжээг  алдагдал ашгаасаа давах төдийд даруй авч хэрэгжүүлсэн байгаа. Харин төрийн өмчид аж ахуйн нэгжүүдийн хувьд алдагдал нэмэгдээд л байг уу гэсэн шиг үйл ажиллагаагаа явуулсаар, менежментийн асуудлыг орхигдуулсан ирсэн гэмтэй. 

 

 Тиймээс ч төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн орлого, өр, зээл авлага, алдагдлын хэмжээг бууруулж, 2012 оныхтой ижил түвшинд хүргэх, компанийн сайн засаглалыг байгуулахын тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх,  төрийн өмчит газруудын менежментийг сайжруулахын зэрэгцээ төрийн яамдын өндөр албан тушаалтны төлөөлөн удирдах зөвлөлд багтдаг асуудалд хязгаар тавьж өгөх шаардлагатай гэсэн санал гишүүдийн зүгээс гарч байсан.

 

Харин  төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр авлага, алдагдлыг бууруулах удирдлага менежментийг сайжруулах, төрийн өмчийн ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар  арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсгээс үзжээ. Жишээлэхэд, “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум төгрөгөөр, Эрдэнэт- Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилж, 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Төрийн өмчийг 2015-20126 онд хувьчлах өөрчлөн байгуулах, үндсэн чиглэлийг үргэлжлүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн хэсэг үзэж байна.

 

Нийт 87 төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 10 орчмынх нь орон тоо, төсвийг ТӨХ баталдаг аж.  Үлдсэнийг нь тус аж ахуйн нэгжүүдийн төлөөлөн удирдах зөвлөл нь баталдаг байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулагдсан даруйдаа тэдгээр аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай зургаан сарын гэрээ байгуулжээ. Энэ хугацаанд алдагдал, өр зээлийн хэмжээгээ бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар үүрэг өгсөн байна.  Хэрэв жилийн хугацаанд үр дүн гарахгүй бол менежмент муу хийсэн удирдлагыг  солих,  арга хэмжээ авахаар аж.  

 

Аудитын газрын зүгээс хяналт тавьж ирсэн хэдий ч төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг бууруулж чадсангүй.   Ноцтой зөрчил илэрснийг хууль хяналтын байгууллагад өгснөө Аудитын газраас мэдэгдэж байсан.  Цаашид энэхүү алдагдал, өр зээлийн хэмжээ ямар шалтгаантай, хэний буруутай үйлдлээс хамааралтайг нарийн судална гэж жижүүрийн үгийг Аудитын газрынхан хэлж байна лээ.

 

Ер нь удирдлагын ур чадвар, хайнга сэтгэлгээнээс менежментгүй ажиллаж,  алдагдалтай ажилласан  “ТӨХК”-уудыг  татан буулгаж, нэгтгэлээ гэхэд хохирогч нь ажлын байргүй болж, халагдсан албан хаагчид л байх юм. Тиймээс ТӨХК-уудад ур чадвартай, мэргэшсэн удирдлагын баг шаардлагатайгаас бус хэн нэгний татаасны эрхмийг илгээхийг зогсоомоор.  Төрийн компани алдагдалтай ажиллах нь татвар төлөгч иргэд бидэнд л хохиролтой.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төрийн үндсэн үүрэг бол ард иргэдээ эрүүл, аюулгүй орчинд аз жаргалтай амьдруулах. Үүний тулд хувийн хэвшилээр гүйцэтгүүлж болохгүй монополь салбарт компаниа ажиллуулдаг. Жишээлбэл төмөр зам, эрчим хүч, ус хангамж гэх мэт. Тэр нь ашигтай ажиллах албагүй. Үйл ажиллагаа нь хэвийн байх нь чухал. Шаардлагатай бол татаас өгөх естой. Одоо ингээд балайраад ашиг яриад эхэлвэл жирийн нэгэн панзчингаас дээргүй гэдгээ харуулж байгаа хэрэг.
2016-11-03