Эдийн засгийн хүндрэлээс даван туулах хөтөлбөрийг хэлэлцэж байна
2016-11-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 

Сүүлийн  жилүүдэд макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдаж, эдийн засгийн бодит өсөлт саараад байгаа. Тодруулбал, эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байсан боловч сүүлийн 5 жилд тасралтгүй буурсаар 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болж саарсан. Энэ нь ажилгүйдлийн түвшин өндөр байх, хүн амын амьжиргааны түвшин буурах, ядуурлын хэмжээ нэмэгдэх, ДНБ-д эзлэх өрийн хэмжээ өсөх зэрэгт нөлөөлж байгаа юм. Түүнчлэн, ажилгүй иргэдийн тоо 2016 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 36 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрээд байгаа нь эдийн засаг дахь нийт эрэлт хумигдах, банкны зээлийн чанар муудах үндсэн шалтгаан болжээ.

 

Хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2016 оны эцэст төсвийн алдагдлын хэмжээ 4.3 их наяд төгрөг болохоор байгаа нь ДНБ-ий 18.0 хувьд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд анх заасан хязгаарыг давахаар байгаа аж. Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2013-2015 онд байнга алдагдалтай гарсан  бөгөөд 2016 оны 8 дугаар сарын байдлаар гадаад валютын нийт албан нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам.долларт хүрч буураад байгаа юм.

 

Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болж буурна гэж хууль санаачлагчид үзэж байна.

 

Түүнчлэн, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өсөх аж.

 

“Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрэх, улмаар хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг нэмэгдэж урсгал дансны алдагдлыг нөхөх, төлбөрийн тэнцлийн дарамт буурч дунд хугацаанд ашигтай гарах, түүнчлэн валютын ханшид эергээр нөлөөлөх боломж бүрдэх зэрэг эерэг үр дүн гарна” гэж Засгийн газар үзжээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.  УИХ-ын гишүүд валютын ханшийг бууруулах, шатахууны үнийг барих зэрэг арга хэмжээг хэрхэн яаж авч хэрэгжүүлэх талаар лавлаж байгаа. Нөгөөтэйгүүр Засгийн газрын оруулж ирсэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт тодорхой заалт тусгагдаагүй байна гэсэн шүүмжлэл ч дагалдаж байв. Зарим гишүүд гадаадын банк оруулж ирэх, их хэмжээний зээл авах зэрэг яриа хэлцлийг эсэргүүцэж байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-04