ЭМЯ чадамжгүй байна
2016-11-04

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Үүний дараагаар АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн юм. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж:

 

-2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдаж, саяхан 100 хоногийн хугацаа нь өнгөрч байгаа мэргэжлийн гэх тодотголтой "Мэргэжлийн бус" Засгийн газрын тэргүүний “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар хийсэн мэдээллийг Та бид хамтдаа сонслоо.

 

Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь хараат бус, нээлттэй, ил тод, хариуцлагатай, иргэдэд хүртээмжтэй байх бөгөөд асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж цөөнхийн саналыг хүндэтгэн үзэх, хууль дээдлэх зарчимд тулгуурладаг. Гэвч Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсохоос 7 хоногийн өмнө Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн гишүүдэд бичгээр ирүүлнэ” гэж заасныг зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 01-нд буюу 3 хоногийн өмнө ирүүлж байгааг Ерөнхий сайд та анхааралдаа авч хуулиа мөрдөж ажиллахыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс анхааруулж байна.

 

Засгийн газрын тэргүүний Эрүүл мэндийн салбарын талаар хийсэн энэхүү мэдээлэл энэ Засгийн газар эрүүл мэндийн талаар юу хийх, өмнөх ээлжит бус чуулганы үед юу хийснээ ч санадаггүй, цаашид яаж ажиллахаа ч мэдэхгүй байгааг ил тод харууллаа. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн салбарын хөтөлбөр, оношилгоо эмчилгээний төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтны цалин урамшууллыг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээнд 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэх хэрэгтэй байна гэлээ. Үүнийг юу гэж ойлгох вэ? Төсвийн тодотгол, 2016 оны төсөв төлөвлөгөөг ямар байгууллага хийж УИХ-д өргөн мэдүүлсэн болж байна вэ? Сөрөг хүчнээс шаардаад байна уу? Аль эсвэл 65 гишүүнээ хий гэж үүрэг өгөөд байна уу? Эндээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн яам үнэхээр чадамжгүй байна гэж хэлэхээс өөр хэлэх үг даанч олдохгүй байна. Хэдэн жишээ авч үзье. Ерөнхий сайдын мэдээлэлд: 


Эмч эмнэлгийн ажилтны цалин ажилтнууд нь ажлын хариуцлага өндөр, ачаалал ихтэй ажиллаж байгаа ч тэдний цалин бодит үнэлэмжээсээ даруй 5-10 дахин доогуур орон нутагт ажиллах эмч дутагдалтай байна гэжээ. Гэтэл төсвийн тодотголын үед Засгийн Газар Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-т заасан “Аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалт хэрэгжиж байсныг 2021 он болгон хойшлуулахаар оруулж ирж УИХ-аар батлуулсан. Бас Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгох 36 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулж батлуулснаа санаж байна уу? Та бүхэн эмч эмнэлгийн ажилтны шаардлагыг “36 сарын тэтгэмжийг чинь хэвээр нь байлгах болно” гэж тухайн үед аргалаад өнгөрсөн. Гэтэл өнөөдөр 36 сар хүртлэх тэтгэмжийг олгох асуудлыг Засгийн газрын эрхэд шилжүүлэх хуулийн төсөл өргөн барьсныг юу гэж ойлгох вэ? Нөгөө л хууран мэхлэх сурсан аргаа хэрэглэх гэж байгаа юм бишүү? Тэтгэвэр тэтгэмжийг хуулиар тогтоож өгнө гэдэг маш том баталгаа байдаг бөгөөд энэ хууль батлагдвал Засгийн газар хуулийн дагуу биш өөрсдийн үзэмжээр олгодог болж өмнөх 1-12 сар хүртэл бууруулснаасаа дордоно гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхааруулж байна. Дээрхи хоёр арга хэмжээ бол сум орон нутагт ажиллах эмч эмнэлгийн ажилтны сонирхолыг эдийн засгийн аргаар урамшуулж байсан хамгийн зөв бодлого байсан гэдгийг эрхэм гишүүд анхааралдаа авна гэдэгт итгэж байна.

 

Ерөнхий сайдын мэдээлэлд эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтний цалин хангамжийг нэмэгдүүлэх талаар шийдвэрлэх алхам дурьдахгүй байгаад бид харамсаж байна.

 

Засгийн газрын тэргүүн “Хүн амын өсөлтболон төрөлт Улаанбаатар хотод 19-28 хувь нэмэгдэж байхад сүүлийн 50 жилд шинээр төрөх эмнэлэг ашиглалтад ороогүй” гэж буух эзэнтэй буцах хаягтай ажлуудыг үгүйсгэсэн хариуцлагагүй, худал мэдээлэл хийж болохгүй. Өнгөрсөн найман жилийн дотор бүх аймгуудад 50 ортой төрөх тасаг, Улаанбаатарт нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийг барьж, 2015 оны 03 дугаар сарын 08-нд 150 эх хүлээн авах хүчин чадалтай, ачаалалтай үед 250 ор тавих боломжтой “Амгалан” III дугаар төрөх эмнэлгийг ашиглалтад оруулж, одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн эх хүүхдэд зориулж 300 ортой эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг барьж эхлүүлсэн. 2011 онд эхлүүлсэн Яармагт байрлалтай 300 ортой Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төв өнөөдөр хүртэл ашиглалтад ороогүй байна. Энэ та бидний өмнөхөө үгүйсгэдэг арчаагүй байдлаас болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Үр дүнд нь эх хүүхдийн эндэгдэл нэмэгдэж ард түмэн хохирч байна. Тиймээс дээрхи 300 ортой нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг 2017 оны төсвийг шийдэж ирэх онд багтааж ашиглалтад оруулах асуудлыг нийслэлд хариуцуулах хэрэгтэй.

 

Ерөнхий сайд мэдээлэлдээ Оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологиудыг эрчимтэй нэвтрүүлэх нь зүй ёсны асуудал, гэвч түүнд зарцуулагдах төсвийг зайлшгүй нэмэх шаардлагатай байна гэжээ. Ардчилсан намын бүлэг ч гэсэн Оношилгоо, эмчилгээний хөрөнгө оруулалтын төсвийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгааг онцолмоор байна. Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын Засгийн газар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймагт иж бүрэн оношлогооны төв байгуулж, хөдөөгийн иргэдийн хотруу ирж асар их хөрөнгө мөнгө гаргаж ядарч байсан урсгалыг бууруулж чадсаныг та бүхэн мэдэж байгаа. Одоо үлдсэн аймгуудаа ийм түвшинд хүргэж оношлогооны төвүүдийн урсгал зардлыг зөв тооцож төсөвт хангалттай суулгаж өгөх хэрэгтэй.

 

Өмнөх Засгийн газар Кувейтийн талтай тохиролцож төрийн ордны өргөтгөл барих 12 сая ам .долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болж 14 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгийн алслагдсан баруун бүсийн ард түмний эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн А, Б блокын барилгыг барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байсныг шинэ Засгийн газар хүчингүй болгосон. Үүнээс болж Бельгийн Засгийн газрын зээлээр Ховд аймгийн оношлогооны төвд нийлүүлэгдэх 6,5 сая еврогийн тоног төхөөрөмжийг суурилуулах асуудал эргэлзээтэй болж байна. Тиймээс энэ хөрөнгийг 2017 оны төсөвт тусгаж зураг төсөл нь бэлэн байгаа энэ барилгын ажлыг эхлүүлэхийг шаардаж байна.

 

Ерөнхий сайдын мэдээлэлд эрүүл мэндийн салбарын 2017 онд заавал дуусгах шаардлагатай 6 барилгын 28.9 тэрбум төгрөг, засварт 32.6 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгах хэрэгтэй гэжээ. Төсөв боловсруулахдаа та нар өөрсдөө юу бодож байсан юм бэ гэж дахиад л асуултын тэмдэг тавигдаж байна. Үнэхээр хариуцлагагүй мэдээлэл боллоо. Бид эрүүл мэндийн салбарыг эргэлт буцалтгүй дэмжих болно. Эрх мэдлийг хамгийн давуу эрхтэй авчихаад УИХ-ын чуулганы индэрээс цөөнхийн зүгээс тавьж байгаа шаардлага шиг юм яриад байгаагаа энэ өдрөөс хойш цэглэх хэрэгтэй. Мэдээлэл бэлтгэж байгаа яам нь ч, хянаж байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь ч төрийн ажлыг хийсэн шиг хийж Засгийн газрын тэргүүнээ шараа болгож, УИХ-д үүрэг өгөхөө болих хэрэгтэй гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хатуу сануулж байна хэмээлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрүүл Мэндийн яам үнэхээр чадамжгүй байна..............гэнэ ээ, түй май чам шиг улсын мөнгө иддэг хулгайч энэ салбарын олон мянган эмч ажилчдыг ингэж доромжилдоггүй л байхгүй юу, Пүрэвдорж гээд энэ луйварчны улсын мөнгө идсэн хэргийг сэргээн шалгаж шоронд нь хийгээч ээ, улсын ажлыг нураах л зорилготой луйварчин
2016-11-05
Зочин:
энэ гадаадын иргэн харьяатад бхдаа хулгай луйвар илрээд бушуухан ажлаа өгөөд алга болсон. дараа нь уихг- ан- эрх барьж байх.... өнгөрсөн хугацаанд цалин хөлсйг нь нэмэхгүй яагаав? битгий үймүүлээд бай. ан- ылуйварчидын хийдэг чаддаг ажил нь үймээн самуун...
2016-11-05