Сүржин нэртэй дульхан хөтөлбөр батлагдлаа
2016-11-7

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт  Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.  Ингэснээр Монгол Улс авлигатай тэмцэх бодлогоо тодорхойлж, албан ёсны баримт бичигтэй болсон билээ. Монгол Улс Авлигын эсрэг хууль баталж, Авлигатай тэмцэх газартай болж, төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарладаг болсон. Гэх мэт дэвшил гэж хэлж болохоор ажлыг манайхан хийсэн.

 

 

Огт юу ч үгүй байснаас ядаж нэг газартай, хуультай байвал авлига хурдацтай цэцэглэхээс сэргийлэх байх. Хэдийгээр Авлигатай тэмцэх газар байгуулагдаад 10-аад жил болж байгаа ч гэсэн эрх баригчид Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрөө ч бас баталлаа. Ямар ч байсан манай эрх мэдэлтнүүдэд авлигатай тэмцэх бага ч болов хүсэл, зорилго байх шиг байна. Уг нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг аль 2008 онд боловсруулсан боловч одоог хүртэл парламентаас парламентын хооронд шидсээр ирсэн. Харин энэ онд Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьснаар хэлэлцэж, баталлаа. Гэхдээ ингэлээ гээд Монгол Улсын авлига буурах уу.

 

2015 оны байдлаар Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд 72 дугаар байрт жагсч байгаа гэсэн тоо баримт байна. Магадгүй энэ хэтэрхий дарсан тоо ч байж болох. Өнөөдөр Монголд байгаа авлигын нөхцөл байдлыг харахад, дэлхийд 200-д орохоор байгаа биз дээ. Манай улсад албан тушаалд томилогдохын тулд авлига, хээл хахууль өгдөг байдал дээд цэгтээ хүрчихээд байгаа. Сонгуулийн өмнө МАН-ын нөхдүүд албан тушаалыг хэрхэн наймаалж, сүлжээ үүсгэж болох талаар ярилцсан бичлэг цацагдаж, нэлээд юм болсон. Сүүлдээ хуурамч болж таараад л дууслаа. Өнөөдөр албан тушаалд томилогдохын тулд 10 давхар барилгатай компани долоо хоногийн дотор зараад, хөрөнгөгүй болж байгаа талаар УИХ-ын гишүүд ярьж байна.

 

Энэ чинь албан тушаалд очоод түүнийгээ хэд нугалж олно гэсэн үг биш үү. Төрийн өндөр албан тушаал ямар хэмжээнд авлигад идэгдсэнийг энэ мэт хэдхэн жишээнээс харж болно. Гэтэл Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ сарын 2-нд хуралдсан Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар авлигын хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг төрийн өндөр албан тушаалд томилохгүй байх санал гаргахад ихэнх нь дэмжсэнгүй. 

 

Дээрх саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн ес нь буюу Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Б.Чойжилсүрэн нар дэмжээгүй. Мэдээж дэмжээгүйд нэг шалтгаан байгаа. Түүнийгээ болохоор их сонирхолтой байдлаар тайлбарласан байна. Энэ талаар санал гаргасан Ж.Ганбаатар гишүүн  “Авлигын хэргээр өмнө нь ял шийтгүүлсэн хүмүүсийг төрийн өндөр албанд ажиллуулахгүй гэсэн санал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан байгаа.

 

Эсэргүүцэж байгаа гишүүд юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр нэг хүнийг дахин дахин шийтгэж болохгүй, нэгэнт ял шийтгэлээ авчихсан байхад төрийн албанд ажиллах эрхийг нь хязгаарлаж болохгүй гэж байсан” хэмээн ярьсан байна билээ. Уг нь авлига авахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор хууль, үндэсний хөтөлбөр батлаад байгаа гэж мунхаглан бодох юм. Гэтэл УИХ-ын эрхэм гишүүд арай өөр зорилгоор энэ хөтөлбөрийг баталсан бололтой.

 

Тэр зорилгыг нь яаж бодоод таамаглаж чадахгүй юм байна, үнэндээ. Авлигаа ав, тэгээд шийтгүүлж ч болно, дараа нь төрд ажиллах, тэгээд бүр өндөр албан тушаалд томилогдох нь ч нээлттэй гэдэг байдлаар хандаад байгаа хэрэг биш үү. Уг нь Ж.Ганбаатар гишүүний санаа бол хамгийн зөв. Хэрвээ чи нөхөр минь, авлигын асуудалд холбогдоод, ял шийтгэл авбал дахиад төрд ойртуулахгүй шүү, тэр дундаа өндөр албан тушаалд гэсэн хориг биз дээ. Ингэвэл авлига авах байдал чинь арай буурмаар юм. Гэтэл давхар шийтгүүлж болохгүй ч гэх шиг.

 

Угаасаа авлигыг дэмжсэн өнгө аястай байгаа биз дээ. Зарим гишүүд нь бүр цагаандаа гарчихсан. Төрийн албан хаагчид бага цалинтай юм чинь, авлига авахгүй яах юм гэх маягийн юм яриад сууж байна. Нөгөө нэг нь болохоор ах, дүү, хамаатан саднаа төрийн албанд оруулах гэсэн чинь Ашиг сонирхлын хууль саад болоод байна. Тиймээс энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй гэх маягийн юм ярьж байгаа юм. Ийм байж болох уу.

 

МАН-ын гишүүд юун авлигын эсрэг тэмцэх, ерөөсөө л тэр чигээрээ хээл хахууль авахыг дэмжиж эхэллээ. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр баталж, зүгээр л дүр үзүүлж байгаа юм биш үү, энэ хэд.  Хамгийн чухал заалтаа дэмжилгүй, сүржин нэртэй дульхан хөтөлбөр л баталчихлаа даа. Хөрөнгө орлогын мэдүүлэг гэж нэг тоглоом байна. Өнгөрсөн жил нь асар их хөрөнгөтэй байсан нөхдүүд дараа жил мэдүүлгээ гаргахдаа “модоо барих” шахчихсан байдаг. Нэг л их байргүй, машингүй, хадгаламжгүй, ядарсан амьтад болох жишээтэй.

 

Яагаад тийм болчихов гэдгийг нь шалгадаг тогтолцоо байна уу, үгүй. Нөгөө талаас гэнэт жилийн дотор орлого нь хэдэн арав, зуун саяар нэмэгдчихдэг ч тохиолдол байна. Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулаад, хэний орлого айхтар нэмэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж л байгаа. Гэтэл яагаад тэгтлээ сүрхий нэмэгдсэнийг шалгадаг тогтолцоо байна уу, бас л үгүй.

 

Ийм л нэг дүр үзүүлсэн Авлигатай тэмцэх тогтолцоо манайд байна. Тэгээд жижиг сажиг “жараахай” л дэгээддэг ажилтай.  Гэтэл томчууд нь хамгийн чухал зүйл заалт хөтөлбөрт тусгаж өгөх гэхээр дэмжихгүй л байна. Ц.Нямдорж гишүүн өнөөдөр хамгийн гоё гоё үгийг хэлдэг, ярьдаг. Шударга үнэний төлөө тэмцэнэ гээд л байдаг. Гэтэл тэмцэж байгаа нь тэгээд энэ үү. МАН-ын лидер гэгдэж болохоор Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил, Сангийн сайдыг нь хүртэл хийж байгаа Б.Чойжилсүрэн тэргүүтэй хүмүүс дэмжихгүй унагаж байна шүү дээ, тэр заалтыг. Ийм л шударга ёс ярьсан шударга бустнууд энэ парламентад байна.

 

Эх сурвалж: mminfo.mn

Н.Пунцагболд

Shuud.mn
Сонин хачин
avilgal av ch bolno:
ENE MONGOL TURD SHURGALSAN HULGAICH NAR YU CH HIIJ BOLNO SHUU DEE HARIUTSLAHA GJ BHGUI YUM JIN .BOLOHGUI BGAAG NI SEMHEN NUDRAAD BVAL DOROO TSEGTSERME DEE
2016-11-07
ene doodoh erguu pyzdad:
HOOYEEEEEEE SER HYRZ BARIAD AJIL HII. KKKK ODOO ENE TER NAM DARGA MARGA DAGAJ DALDAAIGAAD UM TSUM IDDEG TSAG JIN DUUSSAN
2016-11-07
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-07