Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барина
2016-11-08

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдвээр  Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлж  зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав:

 

- Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байна. Бохир, лагийн дөнгөж тал хувийг цэвэрлэж байгаа. Дээрээс  нь  төв байгууламжид цэвэрлэхээр тусгагдаагүй үйлдвэрийн хог асар их хэмжээгээр орж байна. Иргэд бид бохирын шугамд зүй бус хог хаяснаас цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хүндрүүлж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 50 гаруй жилийн настай. Зарим барилга байгуулж нь актлагдаж, тоног  төхөөрөмж нь хуучирсан байгаа. Тендэрээр шалгарсан компани нь зураг төсөл, гүйцэтгэлийн ажлыг хариуцлагагүй хийснээс хүчин чадал нь улам дордож, доголдол гарч, агаар, ус хөрсөнд хортой бодис ихээр нийлүүлэгдэж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэж, гарц хайх ёстой гэсэн юм. Харин  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол:

 

-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хамгийн тулгамдсан асуудал бол Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламж, хөрсний бохирдлын асуудал гээд олон сэдвийг УИХ-ын байнгын хороод, гишүүд ярилцаж, шийдэх гарц, арга замыг хайж байгаад маш баяртай байна. Өнөөдөр дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлөөс хамаарсан сөрөг нөлөөл, усны хомсдол, бохирдол нэмэгдэж байгааг маш ихээр ярьж байна. XX зуун бол хар алтны зуун байлаа. Харин XXI зуун бол цэнхэр алтны зуун байна гэж дэлхий зарлаж, усны хомсдолоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм.  Манай орны хувьд тулгамдсан асуудал бол өнөөдрийн ярьж байгаа халуун сэдэв мөн.  Эндээс гарах шийдэл үр дүн бодитой байгаасай гэж хүсч байна. Эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээгээ хийсэн байдаг ч ажил хэрэг болж чадахгүй байна. Бохир усаа цэвэрлэх байгууламжаар дамжуулахгүйгээр цутгаж байгаа хариуцлагагүй бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн тоо олширсон.   Химийн хэрэгцээт хүчил төрөгч нь зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ 5 дахин ихэссэн судалгааны дүн тооцоо гарч байна хэмээлээ.  

 

Хаанаас хөрөнгө босгож байгуулах вэ гэдэг одоо ч шийдэгдээгүй байна.  Хэрвээ Монгол Улсын Засгийн газар төв цэвэрлэх байгууламжийг шинээр барина гэдгээ тодорхой болгож өгвөл Мянганы сорилтын сангаас 250-260 сая ам.доллар татах боломж бий аж. Энэ нь буцалтгүй тусламж хэлбэрээр ирэх боломжтой. Дээрх мэдээллийг хэлэлцүүлэгт оролцсон Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох албаны хүн хэлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа хэлж байлаа.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн хугацаанд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Шахааны бизнес хийдэг газар болж хувирав уу гэмээр юм ажиглагдах боллоо. Лаг шахдаг хоёр нацосс авчирч тавьсан байсан ч тэдгээр нь ажилладаггүй. Одоо чухам ажилладаг болсон уу, үгүй юу мэдэхгүй. Ийм л байдлаар хариуцлагагүй хандаж ирсэн байдаг.

 

УИХ-ын гишүүн Д.Батзориг:

 

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих уу, засвар хийж өргөтгөх үү гэдгээ тодорхой болгох шаардлага байна. Ингэхгүй бол нэг хэсэг нь шинэчилнэ гэж яриад нөгөө хэсэг нь хүчин чадлыг нь өргөтгөчихөөр болчих юм шиг зүйл яриад яг яах нь зөв бэ гэдэг дээр бодлого нэгтгэгдээгүй байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол:

 

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барина гэдэг дээр тогтоё. Энэ бол Улаанбаатар хотод амьдардаг бүх иргэнд хамаарах асуудал. Нийслэлийн иргэдийн 57 хувь нь гэр хороололд амьдардаг. Гэтэл Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг гэр хорооллын иргэд XXI зууны амьдралын хэв маягаас алслагдсан. Харгиаг нүүлгэх асуудал дээр бүгд нэг ойлголттой болох ёстой.  Мянганы сорилтын сан/МСС/ -гийнханд талархал илэрхийлмээр байна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад МСС-ынхан асар их дэмжлэгийг Монголд үзүүлж ирсэн. Хэрвээ МСС-гаас 265 сая ам.долларыг авах боломжтой болбол Туул голын бохирдлыг бууруулахаас эхлээд хөрсний бохирдол зэрэг олон асуудлыг цогцоор шийдэх боломжтой болно.

 

Ийнхүү гишүүд саналаа хэллээ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад урьдчилсан ТЭЗҮ-ээр 700 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hatsos bish shahuurga...Mongolooroo bl daa
2016-11-08