Валютын дотогшлох урсгал хангалтгүйгээс ханш тогтворжихгүй байна
2016-11-08

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийш Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Тэрбээр:

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тусгасан.

 

Тухайлбал, Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх; валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй, валютын нөөцийг хамгаалах зарчим баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүний гарц, ашиг шимийг дээшлүүлэх; хүнс, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх; геологи, уул уурхайн салбарын хөгжлийг дэмжиж, хүнд аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх; бодит салбарын өсөлтийг хангах эрчим хүч, зам тээврийн бодлого хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ хэмээлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай  холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуусан юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Хүлээгдэж буй гүйцэтгэлээс харахад гадаад худалдаа ашигтай байгаа атал валютын нөөц хомс, ханш өссөөр байгаагийн гол шалтгаан нь юунд байна вэ? Ханшийн дээд хязгаарыг тогтоож өгч болохгүй юу?

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Гадаад худалдааны тэнцэл ашигтай байгаа хэдий ч валютын дотогшлох урсгал хангалтгүйгээс болж ханш тогтворжиж чадахгүй байна. Сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсантай холбогдож 400-гаад сая ам.доллар гадагш гарсан нь ханш өсөхөд шууд нөлөөлсөн хэмээлээ. 

 

УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан хүний эрхийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, мөн хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, цахим орчныг хамгаалах хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх гэсэн агуулгатай зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй.

 

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Стэнд бай хөтөлбөрт хамрагдсанаар долларын ханш буурсан гээ биз дээ
2016-11-08
санал:
яршиг мөнгөн тэмдэгтээ сольчихоо. 3н тэгийг нь хасахад яг болно.
2016-11-08