Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтрах сонирхлоо илэрхийлэв
2016-11-09

Эрчим хүчний сайд П.Ганхүү Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзахдаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр орон хэрхэн хамтран ажиллах боломжтой тухайд онцолж ярилцлаа. Элчин сайд Галт МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөл ажлуудын талаар сонирхож, АНУ-ын зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв.

 

 

Сайд П.Ганхүү Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд АНУ-ын Мянганы хөгжлийн сангаас үзүүлсэн дэмжлэг үр дүнгээ өгч, Салхитын 50МВ т-ын төсөл загвар болж байгааг тодотгов.

 

Элчин сайд Галт “Монголын уул уурхайн салбарт Америкийн томоохон хөрөнгө оруулалт байдаг нь Оюутолгой төсөл. Монголын олон залуус Оюутолгойд ажиллаж байгаад баяртай байна. Цаашид манай зүгээс нар, салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний аль ч чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэв.

 

 Сайд П.Ганхүү “Оюутолгой уурхайн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээр хангах нь чухал болсон. Олон жилийн турш яригдсан Тавантолгойн цахилгаан станцыг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас дэмжиж ирэх онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Оюутолгой уурхай өнөөдөр жилдээ 100 сая ам.долларын цахилгаан эрчим хүч худалдан авдаг. Цаашид далд уурхай ашиглалтад ороход эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдэж, жилд хоёр сая ам.долларын өртөг бүхий цахилгаан шаардах учраас энэ бол Засгийн газраас ач холбогдол өгч буй томоохон төслийн нэг. Санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалж Тавантолгойн 450 МВт-ын цахилгааны станцыг сэргээгдэх эрчим хүч бус нүүрсний эх үүсвэрээр шийднэ. Цаашид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаагаар хөгжүүлж нар, салхины цахилгаан станц, Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцуудыг барих ажлыг эхлүүлэхээр зорьж байна.  Америк, Монголын харилцаа сэргээгдэх эрчим хүчний салбарт  хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин