Н.Алтанхуяг: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдэгдэл хийлээ. Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Н.Алтанхуягийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгөхдөө, дараа нь УИХ-ын сонгуулийн өмнөхөн ард түмэндээ сэрэмжлүүлэн мэдэгдэж байсны дараа улс төрийн үйл явдал өрнөж, нам дамнасан хуйвалдааны бүлэглэлүүд хууль тогтоомжийг өөрчилж, өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгож, захиалгын УИХ-ын бүрдүүлж, хуйвалдааныхаа төрийг бэхжүүлэх ажлыг улам эрчимжүүллээ. Үүний нэг тод жишээ нь сонгогчдын 40 орчим хувийн дэмжлэгийг авсан АН УИХ-ын суудлын 10 гаруйхан хувийг эзэлж байхад 40 гаруйхан хувийн санал авсан МАН нийт суудлын 85 хувийг эзэлж байна. Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн хуйвалдааны бүлэглэл ард түмэндээ амласнаасаа буцаж, төрийн бүхий л салбарт хяналтаа тогтоохоор мэрийж байна. Мөн Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, хуйвалдааны аргаар өөрсдийн болгож, мөнхөд засаглахаар санаархаж байна. Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж, дайрч давшилж, үнэнийг эрх мэдэл, мөнгөөр хаана гэж бардамнаж байна.
1911 онд Монголын цогт эх орончид үндэс язгуураа өмгөөлөн тэмцэгчид жигүүрлэж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авч байсан тэр цаг өнөөдөр дахин ирж байгааг би анхааруулж байна.
Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн, нам дамнасан бүлэглэлийн хамаарлыг тас цохиж, монгол төрөө хуйвалдагчдаас тусгаарлах, чөлөөлөх цаг ирсэн. Би ард түмнийхээ язгуур, эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болж, бодит ажил болгохын тулд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД нэр дэвшихээр шийдлээ. Улам бүр үнэгүйдэн алдарч байгаа шударга ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож, Монголын нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг, дарангуйлал, түрэмгийлэл, улс төрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай байна.
Өнөөдөр авлигатай тэмцэх гэдэг нь улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий болж, хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө хууль бус үйлдэл, авлигыг ариун шударга зүйл, гавьяа мэтээр сурталчилж байна. Үүнд цэг тавья.
Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл өмөөрнө
Монголчуудын 26 жилийн турш тэмцэж босгож ирсэн ардчилал нуран унаж, хүний эрх, эрх чөлөө, бидний тэмцэл хоосон үг болон үлдэх аюул нүүрлэж, хуйвалдааны төр иргэдээ алагчилж, баялаг бүтээгчдээ дээрэмдэж, нийгмийг айдас хүйдсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг шууд ил ашиглах боллоо.
Монголын ардчилал анхны зорилго, эрмэлзлэлээ дахин сэргээж, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн, чинээлэг дундаж иргэд бүхий нийгмийн төлөөх тасалдсан тэмцлийг залгуулах, хуйвалдагчдаас эрх, эрх чөлөөгөө хамгаалах хэрэгцээ шаардлага үүслээ.
Монголын заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн тод ялган харж байгаа. Цаг иржээ. Монгол орноо нам дамжсан хуйвалдааны бүлэглэлээс чөлөөлөх тэмцлийг өнөөдрөөс өргөн фронтоор эхлүүлье. Барьцаалагдсан, хэн нэгний дохио зангаагаар ажилладаг, өөрийн толгойгүй утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг болсон.
Би дахин хэлье. Хуйвалдааны төрд битгий давар гэж хэлцгээе.
Хүнд бэрх цаг үе тулгарахад эх орон, ард түмнийхээ төлөө бүхнээ зориулж чаддаг тийм хүмүүсээр бидний Монгол хэзээ ч дутагдаж байгаагүй. Хуйвалдаан, хувааж идэлтээр энэ улс, төрийг бөхөөх гэсэн нам дамжсан бүлэглэлийн хүслийг гүйцэлдүүлж болохгүй.
Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улс цаашид ч оршино. Эх орныхоо хувь заяаг өөрсдөө мэдэж, өөрсдөө удирдах ёстой. Ард түмний язгуур эрх ашиг гэдэг бол монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцол, эрх чөлөөнд суурилсан үнэт зүйл, ирээдүйд итгэх итгэл юм. Энэ итгэлийг сэргээж, хамгаалж, бэхжүүлж байж, бидний хойч үе сайн сайхан нийгэмд амьдрах болно.
Тэмцдэггүй ард түмэн мөхдөг, урсдаггүй гол ширгэдэг.
Монголчууд аа, сэрэх, нэгдэх, сөрөх, тэмцэх, сэргээн тогтоох цаг ирлээ. Ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл өмөөрнө, хамгаална.
Эх болсон эх орон минь дуудаж байна. Эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ.
Бидний Монгол үүрд мандан бадраг.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ