Трамп АНУ-ын Ерөнхийлөгч боллоо

Урьдчилсан дүнгээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Дональд Трамп ялалт байгууллаа. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбумтан Дональд Трамп Висконсин мужид ялалт байгуулснаар АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо. Хоёр мужийн дүн гараагүй байгаа ч ажиглагчид “Эдгээр санал Трампийн ялалтад саад учруулж чадахгүй” хэмээн мэдэгдлээ. Ерөнхийлөгч болохын тулд түүнд 270 санал хэрэгтэй байсан юм. Түүний саналын тоо 256 болоод байна. Хилари 218 саналаар энэ удаагийн сонгуулийг дуусгахаар болов.“Ерөнхийлөгчийн сонгуульд 150 сая гаруй хүн саналаа өгсөн бөгөөд сонгуулийн идэвх сайн байсан” талаар Сонгуулийн хорооны мэргэжилтэн “CNN”агентлагт ярив.
Трамп 27 мужид ялалт байгуулсан байна.Сонгууль болохоос долоо хоногийн өмнө “энэ мужуудын 12-т нь ялалт байгуулах нь тодорхой” хэмээн Трампийн сонгуулийн штабаас мэдэгдсэн. Хилари 18 мужид ялалт байгуулаад байна. Сонгуулийн эхнээс л Трамп, Хиларигаас илүү санал авсан юм.
Сонгуулийн санал хураалт албан ёсоор эхлээд хагас цагийн дараа Хилари саналын тоогоороо Трампийг тэргүүлж байсан ч хоёр цагийн дараагаас Трамп, Хилариг тэргүүлж эхэлсэн билээ.“Ийнхүү америкчууд эмэгтэй төрийн тэргүүнтэй болоход бэлэн биш байгааг өнөөдрийн сонгууль харууллаа” хэмээн “AFP”агентлаг мэдээлэв. Хилари тус улсын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй анхны эмэгтэй билээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас л олон нийт түүнийг ялалт байгуулна хэмээн мэдээлж байсан ч тэдний таамаг талаар өнгөрөв.Хилари холливуудын оддыг багтаа нэгтгэж, өрсөлдөгчийнхээ эсрэг сурталчилгаа явуулсан юм. “Түүнийг зөвхөн сурталчилгаандаа 100 сая ам.доллар зарцуулсан” хэмээн Трамп хоёр дахь халз мэтгэлцээний үеэр хэлсэн. Трамп сонгуулийн зар сурталчилгаанд ганц доллар зарцуулаагүй талаараа уг мэтгэлцээний үеэр өгүүлсэн билээ. Ийнхүү сөрөг хүчин найман жилийн дараа эрх барихаар болов. Барак Обама 2008, 2012 оны сонгуульд ялалт байгуулсанаар Бүгд найрамдахчууд өнөөг хүртэл сөрөг хүчин байсан юм.
Висконсин мужийн дүнг албан ёсоор танилцуулсаны дараа Хиларигийн сонгуулийн штаб ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Тун удахгүй Сонгуулийн хороо албан ёсоор дүнг олон нийтэд танилцуулах билээ. Америкийн томоохон хэвлэлүүд Трампийг “Цагаан ордны тэргүүн” хэмээн мэдээлж, Хиларигийн дэмжигчдийг сэтгэлээр унахгүй байхыг уриалсан байна.
Трамп Ерөнхийлөгч болбол Мексикийн хил дээр хана босгож, улсаасаа исламын шашинтнуудыг албадан гаргахаас гадна исламын шашинтай улсын иргэдэд виз олгохгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн тэрбээр Оростой нөхөрлөж, сэв суугаад буй харилцаагаа сэргээж хамгийн анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа Орос улсад хийнэ гэж мэдэгдсэн билээ.Гэхдээ эдгээр мэдэгдлээс гадна олон улсын гол анхаарлыг татсан түүний нэг мэдэгдэл бол “Сарын дотор Ойрхи Дорнодыг заналхийлээд буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгах төлөвлөгөө бий. Гэхдээ энэ төлөвлөгөөг зөвхөн Ерөнхийлөгч болсон цагт олон улсад танилцуулна” хэмээн мэдэгдсэн юм.
Трамп мөн 44 дэх Ерөнхийлөгчийн санаачилсан Обамагийн халамж эрүүл мэндийг үйлчилгээг халж, илүү сайн эрүүл мэндийн үйлчилгээг иргэдээ санал болгохоо амласан билээ.
Трамп хэлсэн үгэндээ хүрэх эсэхийг цаг хугацаа харуулна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ