Бусдын эзэмшилд “толгой хоргодох” шүүхийн үнэн төрх
2016-11-10

 

Аймгийн ЗДТГ-т байрлаж байсан Захиргааны хэргийн шүүх Засаг даргын эсрэг шийдвэр гаргасанд эгдүүцсэн засаг ноён шүүхийнхнийг  “Манай байрнаас зайлаарай” хэмээн хөөжээ. Энэ бол төсөв мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар ЗДТГ-ын байранд “толгой хоргодон” үйл ажиллагаа явуулж байсан нэгэн шүүхэд  тохиолдсон бодит явдал.

 

Өнгөц харахад хоёр байгууллагын асуудал юм шиг харагдах ч энэ бол иргэний эрх ашиг, нийгэмд сөргөөр нөлөөлж болохуйц явдал юм. Яагаад гэхээр шүүх шударга ёс тогтоох замаар нийгмийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Гэтэл энэ мэтээр өөр нэг албан байгууллагын хаяа, хатавч, булан тохой бараадаж байгаа шүүх улсын хэмжээнд цөөнгүй байгаа нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлж мэдэх.

 

Өнөөдөр манай улсын хэмжээнд нийт 115 шүүх 46 байранд үйл ажиллагаа явуулдаг аж. Үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр 46 байрны 36 нь өөрийнх нь мэдэлд байдаг бол бусад нь өөр аль нэг байгууллагын мэдлийн байранд “толгой хоргодон” үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Тухайлбал, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Увс, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ аймгийн шүүх тус аймгийнхаа прокурортой хамт нэг байранд үйл ажиллагаа явуулж буй. Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанад дахь өмчийн удирдах үйлдвэрийн газар”-ын байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Багануур дүүрэг, Архангай аймгийн шүүх Засаг даргын Тамгын газрын мэдлийн байранд байрлаж байна.

 

Тэр битгий хэл Нийслэлд гэхэд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өөрийн байргүйн улмаас шүүхийн ажилчдын хагас нь Хан-Уул дүүргийн шүүхэд үлдсэн хэсэг нь хаа байсан Баянгол дүүргийн шүүхийн байранд хуваагдан үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь иргэдэд чирэгдэл ихээхэн дагуулна. Сонгинохайрхан дүүргийн иргэд өргөдөл гомдлоо өгөхийн тулд Хан-Уул дүүрэг дэх шүүхийн байранд аваачиж өгчихөөд, хэрэг хуваарилсны дараа Баянгол дүүрэг дэх байр руу очих, эсвэл анхнаасаа очих ёстой байраа андуурч будилахаас эхлээд цаг зав, зардал чирэгдэл болсондоо бухимдах нь цөөнгүй.

 

Шүүхийн ажилтнуудад ч энэ нь төвөг учруулна. Шүүгч нар зөвлөгөөнөө хийхийн тулд, эсвэл бүрэлдэхүүнтэй хурал хийх болоход аль нэг байрандаа цуглах хэрэг гарна. Цагтай уралдаж ажилладаг шүүхийнхэнд энэ байдал ажил явуулахад хүндрэл учруулсаар багагүй хугацааг үдэв.

 

Харамсалтай нь асуудал үүгээр дуусахгүй. Эдгээр гурван дүүргийн шүүхийн Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн шүүх хуралдааны хоёр танхим, шүүхийн нэгдсэн архив өдгөө Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин ашиглаж байсан байранд байрлаж буй.

 

Энэхүү байр 1970 оны нэгдүгээр сард ашиглалтад орж байж. 40 гаран жил болсон хоёр давхар уг барилгын насжилт дууссаныг өдгөө байнга ус алдаж, эвгүй үнэр ханхлах болсон сангийн шугам хоолой, өрөөнүүдийн хана, шал, тааз нь, засвар ч авах боломжгүй болсон дээвэр нь гэрчилнэ. 

 

Асуудал үүгээр дуусахгүй энэ байранд шүүх дангаараа үйл ажиллагаа явуулж чадаж байна уу гэвэл бас үгүй.  Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний газар”, “Жижиг дунд бизнесийг дэмжих төв”, “Улаан загалмайн нийгэмлэг” зэрэг 7-8 байгууллагатай зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь нэг талаас иргэд, үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулж буйгаас гадна, Шүүхийн тухай хуульд заасан “Шүүхийн байранд шүүн таслах үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглосон” заалтыг зөрчиж байна. Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг шүүх өөрөө ингээд хуулиа зөрчөөд сууж байгаа бурууг хэнээс хайх вэ.

 

Сүүлийн гурван жилийн хугацаанд шүүхэд хөрөнгө оруулалтын зардал гэж төсөвлөгдөөгүй байна. Монголын шүүх шинээр байшин барих, их засвар хийх, тавилга тоног төхөөрөмж худалдаж авах зардалгүй гурван жил болсныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өнгөрсөн сард мэдээлсэн.

 

 

“Шүүх цахимжиж байна”, “Монгол Улсад шүүхийн шинэчлэлийг амжилттай хийж байна” л гэх. Үүнийг үгүйсгэхгүй ч, шүүх хуралдааныг бүрэн эхээр нь бичиж хадгалсан хуурцаг, архивын бичиг баримт, хэргийн материал хэзээ мөдгүй нураад уначихаж мэдэх байшинд, элдэв дусаал, усанд автахгүй гэх баталгаагүй байранд байна.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэхүү хуучин байрыг гурван ч удаа дуудлага худалдаанд оруулсан талаар мэдээлэл бий. Энэ нь тэдний буруу биш учраас дахиад ч дуудлага худалдаанд оруулж таарна. Хэрэв энэ байр дуудлага худалдаагаар “эзнээ олчихвол” Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт байрны асуудал дахиад л сөхөгдөнө.   

 

Ганцхан жишээ авахад ийм байна. Өдгөө шүүхийн өөрийн мэдэлд байдаг 36 байрны 15 нь мөн л 26-40 жил ашиглаж байгаа байрнууд байгаа юм. Үүнээс өөрийн мэдлийн таван байрны ашиглалтын хугацаа дуусч, акталсан. Мэдээж, нэг амьсгаагаар бүгдийг засч залруулах, шинэчлэх эдийн засгийн боломж одоогоор байхгүй. Эхний ээлжинд Буянт-Ухаад барьж байгаад санхүүжилт нь зогссон Шүүхийн ордон барих асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай байна.

 

Нэлээд хэдэн байрны бэрхшээлийг нэг ордон байгуулснаар шийдчих боломж харагдаж байгааг шүүхийнхэн хэлж байна. Монголын шүүхийн байгууллага бусдын эзэмшил байранд хэр удаан толгой хорогдох бол...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.ХАТАН

Shuud.mn
Сонин хачин
Gan:
энэ их зүгээр юм байна . httpCash4Visits.comref.php?refId=340532
2016-11-10