Эхчүүд, малчдын нийгмийн баталгааг сайжруулна
2016-11-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа юм.  Н.Чинзоригийн санаачилсан уг хуулийн төсөлд  хүүхдээ харж байгаа эхчүүд болон малчдыг нийгмийн даатгалд хамруулах, малчдын тэтгэврийн насыг 5 насаар урагшлуулахаар тусгажээ. 

 

Статистикийн тоо баримтаас  үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байна. Энэ нь  эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөхөд зарцуулсан хөдөлмөрийг нийгмийн үнэлэмжтэй болгож, нийгмийн даатгалын сангаас бусад даатгуулагчидтай адил үр ашиг хүртэх боломж олгох шаардлагыг зүй ёсоор бий болгож байгаа юм. 

  

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан тэтгэвэр эрт тогтоолгох болзол нөхцөлийг зохицуулсан байдаг. Гэвч энэ зохицуулалт нь  байгаль, цаг уурын хараат байдалд биеийн хүчний хүнд хөдөлмөрийг ажил амралтын горимгүй эрхэлдэг малчдад хамаарахгүй байгаа.

 

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн  салбарт 300,0 гаруй мянган малчин ажиллаж байна. Энэ нь нийт ажиллагчдын 30 шахам хувийг эзэлж байгаа билээ. Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах,  наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл байгаа юм. Үүнээс шалтгаалан залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, хот суурин луу шилжих болсноор хөдөө орон нутаг эзгүйрэх хандлагатай болж байна.

 

Иймээс эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр  төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.    

 

Энэхүү хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Нийгмийн даатгалын сан, ажил олгогч болон улсын төсвөөс жилд нийтдээ 37962.0 сая төгрөг шаардагдах юм байна. Үүний 31107.6 саяыг Нийгмийн даатгалын сангаас, 1296.0 саяыг ажил олгогчоос, 5558.4 саяыг төсвөөс гаргахаар тооцсон байна. Хууль санаачлагач уг хууль батлагдсанаар 2017 оноос  хэрэгжүүлэхээр тусгасан хэдий ч Засгийн газрын саналд 2018 оноос хэрэгжүүлэхээр тусгажээ.

 

Гишүүд энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, хууль санаачлагача Н.Чинзоригт асуулт тавьж хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Малчдын тэтгэврийн насыг наашлуулж байгаатай холбоотой санхүүгийн бололцоо ямар байна вэ?

 

-ХНХЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан тооцоод 70 орчим тэрбум төгрөг шаардагдахаар байгаа. Ажил олгогч, нийгмийн даатгалынхан шимтгэлийг жигд үүрнэ. Малчдын тэтгэврийн  насыг 5 жилээр урагшлуулснаар 50 орчим тэрбум төгрөг шаардагдана. Гэхдээ Нийгмийн даатгалын санд  мөнгө нэмэгдэнэ. Тиймээс Нийгмийн даатгалд ачаалал ирэхгүй.  

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Малчид энэ асуудлаар уулзалт бүрт асуудаг. Малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд. Хууль гараад хэрэгжсний дараа өнөөдөр өндөр насны тэтгэвэрт гарах нөхцөл хангасан хүмүүс бичиг баримтаа хөөцөлдөх байх. Гэхдээ 1995 оноос хойшхи 20 жилээр тооцоод тэтгэвэр тогтоолгохоор хөөцөлдвөл нөхөн төлбөрт хичнээн төгрөг төлөх вэ? Тухайн үеийн цалингийн 10 хувь гэж хуульд тооцсон байна.

 

-Нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн бол гэр бүлийн хоёр гишүүн 2-уулаа хамрагдана.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Өнөөдөр тулгамдаад байгаа нэг асуудал нь малчдын тоог бууруулахгүй байх зүйл. Энэ хууль нэг талаар дэмжлэг болох байх. Бид утаатай тэмцэхэд зарцуулсан мөнгийг хэрвээ малжуулаад гаргасан бол илүү үр дүн гарах байлаа.

 

-Малчдын залуу халааг бэлтгэхэд энэ хууль хөшүүрэг болно. Засгийн газраас өгсөн саналд Нийгмийн даатгалын тухай хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даана гэсэн бодлогын баримт бичиг явж байгаа юм билээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Hdhr:
Malchdaasaa tatvar avaach
2016-11-11