Агаарын бохирдолтой тэмцэхэд 132 тэрбумыг зарцуулжээ
2016-11-15

Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо хуралдлаа. Хуралдаанаар Нийслэл хот болон томоохон суурин газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээллийг сонссон юм.

 

Нийслэлийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Жил бүр  30-45 мянган иргэн нүүн ирж, 45-47 мянган иргэн шинээр нэмэгддэг  байна. Харин үүнтэй зэрэгцээд өдөр бүр олон мянган автомашиныг хилээр оруулж ирдэг аж.  Жил бүрийн энэ үед агаарын бохирдлыг бууруулах асуудал сөхөгддөг.

 

Өнөөдөр нийт агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын орчмын айл өрх эзэлдэг. Гэр хороололд 198 мянга орчим өрх өнөөдөр оршин сууж байна. 3341 халаалтын зуух ажиллаж, хариуцсан хэсгээ дулаанаар хангаж байгаа.  Эдгээр нь өвлийг даван туулахад 1 сая гаруй тонн нүүрс хэрэглэдэг. Агаарын бохирдлын 10 орчим хувь нь тээврийн хэрэгслээс гарч байгаа.  Өнөөдрийн байдлаар нийслэлд 131 мянга 564 авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг байна. Энэ тээврийн хэрэгслийн 67 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа юм. ДЦС-III жилд 5 сая орчим тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд нийт агаарын бохирдлын 6 орчим хувийг эзэлдэг байна. Мөн агаарын бохирдлын 4 орчим хувийг тоосонцор, хөрсний бохирдол эзэлдэг аж.

 

Өнгөрсөн хугацаанд 2011-2015 оныг хүртэл Мянганы сорилын сан, Дэлхийн банк, улсын төсвөөс нийтдээ 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулжээ. Сайжруулсан түлш, зуух төсөл, мөн нөхөн олговрын асуудлаар  дээрх хөрөнгийг зарцуулсан байна.

 

Нийслэлийг дугуйн замтай болгоё

 БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол:

-Утаатай тэмцэх нэг хэлбэр нь дугуйн зам бий болгох асуудал. Өнөөдөр дэлхийн улс орнууд дугуйн замтай болох асуудлыг шийдвэрлэж утаатай тэмцэж байна. Энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байна. Автомашинаас ялгарч байгаа хорт утаатэй тэмцэх ажлын хүрээнд шүүлтүүр тавих хэрэгтэй.  Солонгос улсад шүүлтүүр тавиагүй машиныг хөдөлгөөнд оролцохыг хориглосон хуультай. Шүүлтүүрээ авахгүйгээр машинаа зарсан бол тэр хүн эрүүгийн хариуцлага  хүлээдэг. Иймэрхүү байдлаар байгаль орчинтойгоо хүний амьдралыг уялдуулсан шийдвэр гарч байна. Бид сайн зүйлийг зөв хуулж дуурайх шаардлага  байгаа. Агаарын чанарын тоосонцрын хэмжээг шалгах автомат төхөөрөмжийг нэмж тоноглох шаардлагатай.

 

Нийслэл Улаанбаатар хотод дугуй зардаг цэгүүдээ хяналтдаа авах хэрэгтэй. Хуучин дугуйг шатаах зориулалтаар зардаг бизнесийг зогсоомоор байна гэлээ.

 

Гэр хорооллын өрхийг сайжруулсан түлшээр хангавал тоосонцор 80 хувиар буурна

 

 Нийслэлийн ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан:

 

-Нийслэлийн зүгээс “Агаарын бохирдлын сан” байгуулах асуудлыг санаачилж өгсөн.  Агаарын бохирдлын сангаас хүний эрүүл мэндэд хоргүй технологи хэрэглэж байгаа  айл өрхүүдэд гарааны дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн хүрэн нүүрс хэрэглэхгүй байх зорилготой ажлуудыг санаачилж байна. Түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, сайжруулах нүүрсийг хэрэглэх хэрэгтэй юм. Сайжруулсан нүүрсийг хэрэглэхэд үнэ ханш өндөр байгаа. Үнийн асуудлыг төр, засгаас шийдэж өгөх хэрэгтэй.  Өнөөдөр сайжруулсан түлшээр 32 мянган өрхийг хангахад  тоосонцрын хэмжээ 12 орчим хувиар буурахаар байгаа. 55 мянган өрхийг хангахад 20 гаруй хувиар тоосонцор буурна. Нийт 198 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангавал тоосонцрын хэмжээ 80 хувиар буурах судалгаа гарч байгаа юм хэмээлээ.

 

110 гаруй нам даралтын зуухыг ашиглахааргүй болсон

 

ЭХЯ-ны Түлшний бодлогын хэлтсийн дарга Н.Болдхүү:

 

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  сүүлийн 11 жил манай яам ажиллаж байгаа. Хэрэглээний аргыг өөрчилж байж агаарын бохирдлыг шийднэ. Нийт дулааны станцуудын өргөтгөл явагдсан. Нийт 526 Гкк дулаан үүсгэсэн. Үүний үр дүнд Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэг дулаанаар хангагдсан. Хамгийн сүүлд Амгалан ДЦС ашиглалтад орсноор 110 гаруй нам даралтын зуухыг ашиглахааргүй болсон.

 

Бид ирэх дөрвөн жилд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дулааны шугам татаж, дэд бүтцийг нь шийдэх хэрэгтэй байна.

 

Ийнхүү  салбар салбарын мэдээлэл сонсож, ирэх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах талаар ямар арга хэмжээ авбал үр дүнтэй талаар тус дэд хорооны гишүүд хэлэлцэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
дугуйн зам л гэхийн хүйтний улирал зонхилсон манай оронд хэдийд нь дугуй унаад ажил амьдралаа зохицуулах юм бэ???? өвлийн хүйтэнд дугуйн дээр цэцэрлэг сургуулийн хүүхдээ сундалаад явах уу??? жаахан амьдралтай юм ярьцгаамаар юм даа, дээр өөрсдөө машин үйлдвэрлэл байхгүй тэгээд ядуу иргэдтэй тэд чинь хуучин машин авахаас өөр яахын??? утгагүй тэнэгүүдээр дүүрсэн төртэй асар их баялагтай иргэд үнэхээр утгагүй ядуу амдарч байна даа.
2016-11-21
eenee:
ene munguur ded butetsee saijruujsen bol uur dee
2016-11-15
132 ter bumaar:
132 ter bumaar heden bair barih ve? barag baishin bariaad bsan bol ger horoolol baihgui boloh yum bishuu
2016-11-15