Тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай буулгах боломжтой
2016-11-16

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар нийгмийн хамгааллын салбарын зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэтгэвэр авагчид банкаа өөрсдөө судлах боломжийг судлах үүрэг өгсөн. Өнөөдөр бол тухайн тэтгэвэр авагчийн банкийг Нийгмийн даатгалын байгууллага өмнөөс нь сонгоод данс нээж байгаа. Нийт тэтгэвэр авагчийн 95 орчим хувь нь Төрийн банк болон Хаан банкаар үйлчлүүлдэг. Хөдөө орон нутагт харьцангуй хязгаарлагдмал ч нийт тэтгэвэр авагчдын 40 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Тиймээс аль ч арилжааны банкаар үйлчлүүлэх боломжтой болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. 

 

Нийслэлд амьдарч байгаа ахмадууд өчигдрөөс эхэлж тэтгэвэр авах банкаа өөрсдөө сонгодог болсон. Ингэснээр цаг зав, зардал чирэгдэлгүй тухайн ойр орчимдоо байгаа банкаар үйлчлүүлэх, банкууд үйлчилгээ, өртөг зардлаараа өрсөлдөх боломжтой болж байгаа юм.   

 

Нөгөөтэйгүүр энэ нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга замын эхний алхам болж байгаа. Энэ асуудлаар одоогийн байдлаар Төрийн банктай ярилцаж байна. Тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай буулгах боломжтой гэж үзэж байна хэмээлээ. 

 

2016-2020 онд элэгний С вирусын голомтыг ор мөргүй арилгах чиглэлээр үүрэг даалгавар өгчээ. Үүнтэй холбогдуулж ЭМД-ын сангаас клиник шинжилгээнд орж баталгаажсан элэгний С вирусыг арилгах зарим нэр төрлийн эмийг хөнгөлөх асуудлын хүрээнд ажлын хэсэг гарч Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллажээ. Үүний үр дүнд дунджаар 40 хувь буюу 210 мянган төгрөгийг тухайн эмийн нэр төрлөөс хөнгөлөх боломжтой гэж үзэж Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

 

Элэгний С вирусын голомтыг арилгах чиглэлээр 2016 оныг дуустал 23.4 тэрбум, 2017 онд 23.4 тэрбум төгрөг суулгажээ. Ингэснээр 2020 он гэхэд бүрэн устгах боломжтой гэж үзэж байгаа аж.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин