Уйтгартай, ууртай
2016-11-17

Бид их уйдамтгай гэмээр ард түмэн л дээ. Дотор гаднаа ил цагаан дээлээ хүүлэлцэж өдөр болгон шахуу “сюрприц” үзүүлэх АН-ыг аймаар бужигнуулдаг гэж уйдсан бол, бараг хоорондоо хэрэлддэггүй МАН-ын парламентыг уйтгартай гэж “уйдаж” эхэлсэн яриа өрнүүлнэ.   Өчигдрийн болсон АН-ын ҮЗХ-ны эвээ хичээж, зорилгоо тодорхойлсон хурлыг нам гүм уйтгартай боллоо гэж дүгнэх хүмүүс байна. Хэл  амтай, үнэн мөнөө дуудалцаж багаа хуулалцсан хэлэлцүүлэг өрнөсөн бол өнөөх хуучнаараа алалцлаа, засарсангүй гэж шүүмжлэх байсан.

 

Сар бүр шахам нэг уриа, тунхаг гаргаж савалгаалдаг байсан АН-ын засгийн тавьтаргүй гэж уйдсан бол,  нам жим төсвөө баталуулсан МАН-ын Засгийн газрыг зориггүй, удаан гэж шүүмжлэв.

 

Шүүмжлэх өөлөхийн төлөө төрсөн мэт өдөр хоногуудад хэлээ билүүдэхээс гараа хөдөлгөхөө больсон манай “ард түмний парламент”-д зүгээр тэжээлгэж,  гэдсээ илэх хэлээ билүүдэгчид хэт олонх болжээ.

 

Амжиргааны мөнгөгүй болчихвол уул уурхай хөдөлсөн тул мөнгө өг гэж төрөө шахаж улс төржүүлэх  нь бараг хүн бүрийн амны уншлага, маанийн үсэг шиг цээжлэгджээ.

 

Хамрын ханиад хүрэхээс сэргийлж ганц үрэл С витамин аваад уучихгүй байж эмч нэмж ажиллуул гэж төрийг шахахаар ТВ шуудын тусгай дугаарт нэгжээ хайрлахгүй залгана. Ажилгүй ээ гэж үүдний цасаа арилгахгүй хойш суух хэрнээ цалин тултал өгвөл төмөр зам ч тавьчихна гэж гэдсээ илж хэвтэнэ.

 

Машин хүний төлөө бүтээгдсэн байтал манайхан машиныхаа төлөө  төрсөн мэт бөөцийлж, хахир хүйтэнд машинаа өрөвдөж ширүүн ч хаазлахгүй халаах хэрнээ өөрөө зуны гуталтай нимгэн хувцастай машинаа тойрон чичирч зогсоно. Хөдөлгүүртээ хайртай гэж чигтэйхэн. Насаараа унах мэт арчилна, хайрлана.  100 мянгаар тоох ч үгүй брэнд тос авч хийх хэрнээ, өөртөө 10 мянгаар ганц зөгийн бал авах гэвэл зөндөө бодно. Өмнө байгаа машин, гэрлэн дохионы бөглөрөө, хайсан зүйл нь байхгүй лангуу, ханиад хүрсэн хатгаа авсан, халтирч унасан... бүгд бусдын буруу, ууртай.

 

Гэхдээ итгэлтэй өөдрөг. Намуудад нам хулхидуулж яг байрандаа 25 жил болсон ч дараагийн сонуулиар солиод өгнө, сайхан хөгжинө гэж итгэнэ. Яг үзэг эргүүлэхдээ өнөөх хуучнаа л сонгоно.  Дөнгөж гараад сэхээрэхдээ “за яахав дараагийн сонгуулиар...” гэнэ. Ингээд 25 наснаасаа ардчилалтай анд бололцож,  ажлын байр цалин нэмэх амлалтын төлөө 5 удаа санал өгч ирсэн залуу өдгөө 50 нас хүрч таван жилийн дараа яг тэтгэвэр нэмнэ гэсэн ээлжит амлалтын төлөө дахин саналаа өгөхөөр хүлээнэ.

 

Ууртай, уцаартай ч ирээдүйдээ итгэсээр байдаг Монгол хүн бид өөрсдийгөө уужуу ухаантай л гэдэг...

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
yker:
Одоо бүх юм баяртай газар нутаг үр хүүхэд мал идээ уул ус бүгд барьцаанд орсон нэг ишиг ч үлдээгүй баяртай
2016-11-17
Зочин:
Нээрээ ирээдүйдээ итгэсээр байтал 50 хүрчихэж сүүлдээ бүүр залхуу хүрчихлээ босч суниахдаа боосуудаа нухаж оффшоороос нь мөнгийг татаж авмаар санагдчихлаа байна
2016-11-17
Зочин:
УИХ АРХАГ ХУДАЛЧ ХУЛГАИЧИДЫН ОРОМЖ БОЛЧИХООД БАИХАД ХАРИН Ч ТЭСЭЭД БАИГАА НЬ ИХ ЮМ
2016-11-17
зочин:
Одоо ч өөдрөг сэтгэлээ алдаж байна гутарч байна. Нам гэдэг төрийн дээр байна нэг нам дарангуйлж байна гээд мань мэт нь бүтэн сайн болгонд хадмуудаа хялайлган Элбэгдоржийн ятгалганд орж сайхан болчих юм шиг өвлийн хүйтэнд жагсаж байснаас хоиш 25 жил өнгөрч. Гэтэд одоо их хурал хуралдахаасаа өмнө 2 намын бүлэг гэгч хуралдаж таарахгүй зүйл дээрээ хувилдаж МАНАН гэсэн жүжиг тавьж байгааг хараад дургүй хүрч байна. 3хан сая хүнтэй улсыг дэлхий гуйлгачин орны тоонд оруулчихаад өөрсдөө оффшоор бүсэд хэдэх тэрбумаар нь улсын баялагыг хулгайлан зугтуулан хадгаласан ноходыг харахаар уур минь хүрч байна
2016-11-17