Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна
2016-11-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Элчин сайдад нэр дэвшигчдийг танилцуулав.

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж,   

 

Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг,

 

Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг,

 

Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,

 

 Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,

 

 Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,

 

Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан,

 

Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан,

 

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр,

 

 Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарын нэрийг тус тус дэвшүүлж байгаа юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Ц.Мөнх-Оргил сайдын тодорхойлолт дээр бүх хүмүүст “Мэргэжил,  гадаад хэл, ажлын туршлагыг нь харгалзан томилох санал оруулав” гэсэн байна. Бүгд ялгаагүй адилхан тодорхойлолттой юу. Хэл чухал л даа. Монгол хэлээ марттал гадаад хэл сурсан хүмүүс ч байдаг. Элчин сайд бол хоёр улсын харилцааг ахиулах, монголчууддаа үйлчлэх үүрэгтэй.

 

ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил:

 

-Олон газруудад манай Элчин сайд нар ажиллаж байгаа. Иргэддээ үйлчлэх тал дээр зарим үед хүн хүч хүрдэггүй, зарим газар сэтгэл дутсан тал байдаг байх.  Хэрвээ иргэд өргөдөл гомдол гаргавал бид шалгана.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Би Элчин сайдад нэр дэвшигчдээс хоёр хүнийг дэмжиж чадахгүй. С.Баяр дарга “Оюутолгойн гэрээг хий, би хар толгойгоороо хариуцна “гэж дарамталж байгаад зуруулсан.  Тийм учраас би дэмжиж чадахгүй.  Та ч гэхдээ гараа энгэртээ зөрүүлчихээд, бохь зажлаад пээдгэр байна.  М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа монголын эдийн засгийг нураасан. Би тэр үед компанийн захирал  байлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд гэдэг хариуцлагатай албан тушаал.  Энэ асуудлыг манайхан бөөнд нь оруулж ирээд байх юм. Би нэр дэвшин томилогдож байгаа хүн бүрээс асуулт асууж, захиасаа хэлмээр байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин